МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УОК-ын баруун бүсийн шуурхай баг Завхан аймагт ажиллаж байна
2024.02.26
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

УОК-ын баруун бүсийн шуурхай баг Завхан аймагт ажиллаж байна

ЗАВХАН АЙМГИЙН ИХ-УУЛ СУМ

Их-Уул сумын 546 малчин өрхөд 68.1 тн буюу 2725 уут тэжээл, хүнсний багц, эрүүл мэндийн багцыг хүргэж өглөө. Мөн сумын эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай автомашины асуудлыг шийдвэрлэв.


Тус суманд цасны зузаан талдаа 70 см, гуу жалгандаа 2 метр хүрсэн нөхцөл байдалтай байна. Шуурхай бүлэг Завхан аймгийн Улиастай, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Тосонцэнгэл, Их-Уул сумдад ажиллалаа. Улсын нөөцөөс Завхан аймагт 400 тн тэжээл, хүнсний багцыг үнэ төлбөргүй олгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эмч нарын баг үзүүлж ажиллалаа.

ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ


Аймгийн хэмжээнд 15 сумын 54 баг цагаан зудтай. 9 сумын 31 баг цагаанаар зудархуу байна. Тосонцэнгэл сумын хэмжээнд цасны дундаж зузаан 20-26 см, гуу жалгандаа 40-100 см цастай байна. Салхи шуурганы улмаас зарим газартаа цас нилээд хатуурсан нөхцөл байдалтай байна.

Сумын хэмжээнд нийт мал сүргийн 9.8 хувь буюу 13025 толгой мал зүй бусаар хорогдсон байна. Тосонцэнгэл сумд туулах чадвар сайтай автомашины асуудлыг шийдвэрлэж, улсын нөөцөөс 105 малчин өрхөд 13,1 тн тэжээл үнэ төлбөргүй хүргэж өглөө.

ЗАВХАН АЙМГИЙН БАЯНХАЙРХАН, БАЯНТЭС, АСГАТ СУМ

Нийт нутгаар цасны дундаж зузаан 1-35 см, хунгарын зузаан 18-80 см, гуу жалгандаа 20-120 см байна. Аймгийн хэмжээнд 17 суманд зуд нүүрлэж Баянтэс, Тэс, Отгон, Яруу, Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл зэрэг сумдад зудын эрсдэл маш өндөр байна. Намар эрт цас орж өвөл ихээр нэмж орсоор төмөр зуд нүүрлээд байгаа Завхан аймгийн Баянтэс сумын 200 өрхөд 30 тн тэжээл, хүнсний багц, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүллээ. 

Завханчууд Арцсуурийн боомтыг ашиглалтад оруулж, шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ импортоор татан авах хүсэлтэй байдаг. Өнгөрсөн жил Тува улсад томилолтоор ажиллаж УИХ, Засгийн газрын холбогдох сайд нартай уулзсан.

ХХААХҮ Сайдад хүсэлт хүргүүлж Арцсуурь боомтоор 600 тн гурил оруулж ирэх зөвшөөрөл гарсан. Ингэснээр 50 кг шуудай гурил 120.000 төгрөгөөр худалдаж авдаг байсан бол өнөөдөр 90.000 төгрөг болсон.

2 сарын өмнө Баянтэс сумын сургуулийн байр шатаж Ариун цэврийн байгууламжийн шахуурга, хөгжмийн хичээлийн кабинет, гал тогооны хэрэгсэл шатсан. Энэ асуудлыг бүрэн шийдэж сургууль, болон дотуур байрны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

Мөн Баянтэс сумын эрүүл мэндийн төвд Toyota Land Cruiser 77 автомашин шийдвэрлэхээр болов. Мөн Бужир багт утасны сүлжээ энэ онд тавина.

ЗАВХАН АЙМГИЙН ЦАГААНХАЙРХАН СУМ

Завхан аймгийн хувьд энэ сарын 12-17-ны өдрүүдэд цас орж, шуурсны улмаас 17 сумын 54 багийн 2256 малчин өрх төрийн болон бусад үйлчилгээ авах боломжгүй, 194 хүүхэд хичээл завсардсанаас Цагаанхайрхан сумын 4 хүүхэд цасанд боогдож хичээл завсардахад хүрчээ.

Зудын эрсдлийн үед малчдад өвс тэжээл, хүнсний багц, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэн ажиллаж байна. Сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж санал хүсэлтийг шат дараатайгаар шийдвэрлэхээр боллоо.

ЗАВХАН АЙМГИЙН ТЭС СУм

Энэ сарын 11-16-ны өдрүүдэд өдөр шөнийн температурын ялгаанаас шалтгаалж цасан дээр 2-3 см мөсөн бүрхүүл үүсч Тэс сумын нутгаар төмөр буюу мөсөн зуд үүсэх нөхцөл бүрдсэн байна.

Завхан аймгийн хувьд 12 аймгийн 52 сумын нутагт 16 сумын 249 өрхийн 631 хүн, 135,8 мянган мал отроор өвөлжиж багаагаас Баянтэс, Тэс сумын 77 өрхийн 26.3 мянган мал отроор өвөлжиж байна.

Аймгийн хэмжээнд сүүлийн үеийн мэдээгээр 45,492 толгой мал зүй бусаар хорогдсон байна.

ШИНЭ МЭДЭЭ