ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ДАГУУ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЭВ
Монгол Улсын Их Хурлын 2020-2024 оны наймдахь удаагийн парламент Коронавирусийн цар тахлын онцгой үед үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн үргэлжлүүлж, цахим технологи ашиглан амжилттай хуралдсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэж байна.
Түүнчлэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу эрх зүйн хувьсгалт шинэтгэл хийж, засаглалын харилцан хяналт-тэнцлийг хангах, гүйцэтгэх засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэх, парламентат ёсыг улам төгөлдөржүүлэх, хараат бус, шударга шүүхтэй болох, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, нийгмийн бодлогын эрх зүйн реформд алхам хийж, олон жил ярьсан томоохон хуулиудаа баталж чадлаа.
2020 НАМРЫН ЧУУЛГАН - ЦАР ТАХЛЫН ҮЕД ЦАХИМ ТЕХНОЛОГИ АШИГЛАН АМЖИЛТТАЙ ХУРАЛДСАН АНХДАГЧ ПАРЛАМЕНТ
Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын чуулганы зорилт Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэчлэлийг эрчимтэй үргэлжлүүлэх байлаа.
Энэ хүрээнд баталсан онцлох хууль тогтоомж:
- “Бага Үндсэн хууль” гэж үздэг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдлаа.
- Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав.
- “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг баталж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа хэрэгжих боломж бүрдлээ.
- Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталлаа.
- Цахим парламент байх lawmaker.parliament.mn, цахим систем нэвтэрлээ.
2021 ХАВРЫН ЧУУЛГАН - ПАРЛАМЕНТЫН ТҮҮХЭНД ХОЦРОГДОЛ, ТАСЛАГДАЛГҮЙ, ХАМГИЙН ӨНДӨР АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН ЧУУЛГАН БОЛЛОО
Коронавирусийн цар тахлын амаргүй цаг үед Монгол Улсын Их Хурал 2021 оны хаврын чуулганаа цахимаар хуралдуулж, өнгөрсөн 30 жилийн парламентын түүхэнд хоцрогдол, таслагдалгүй, хамгийн өндөр амжилт үзүүлсэн, Хүний эрх, ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн чуулган байлаа.
Энэ хүрээнд баталсан онцлох хууль тогтоомж:
- Хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажуулж, тэдний аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх шинэ тогтолцоог бүрдүүллээ.
- Улсын Их Хурал Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсны үндсэн дээр 27 жилийн дараа нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн орчныг шинэчиллээ.
- Монгол Улсын 1.1 сая ажиллагчид, нийт ажил олгогчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулах, Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа.
- Соёл урлагийн салбараа шинэ нөхцөлд сэргээн хөгжүүлэхэд онцгой анхаарч, Музей, Соёлын тухай хуулиудаа баталсан юм.
2021 НАМРЫН ЧУУЛГАН - ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ХУРДАСГАЖ, ПАРЛАМЕНТЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДЛЭЭ
Засаглалын чадавхыг бэхжүүлж, сайн засаглал төлөвшүүлэх нь Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы нэг зорилт байлаа.
Энэ хүрээнд баталсан онцлох хууль тогтоомж:
- Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийг баталж, парламентын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүллээ.
- Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталлаа.
- Цахим гарын үсгийн тухай хууль арван жилийн дараа шинэчлэгдлээ.
- Кибер аюулгүй байдлын тухай, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай анхдагч хуулийг баталсан юм.
- Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиудыг энэ чуулганаар хэлэлцэн баталлаа.
2022 ХАВРЫН ЧУУЛГАН - ХҮН СУРТЛЫГ БАГАСГАЖ, ТӨРӨӨС ОЛГОДОГ ЗӨВШӨӨРЛИЙН ТООГ 5 ДАХИН БУУРУУЛЛАА
Монгол Улсын Их хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган УИХ-ын хянан шалгах үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд учирч буй хүнд суртал, саад бэрхшээлийг багасгахад анхаарлаа хандуулан ажилласан юм.
- Хөгжлийн банкны хэрэг, эмийн чанар, хуурамч болон стандартын бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлт, хилийн боомтуудын асуудлыг хөндсөн асуудлуудаар 4 түр хороо, 19 ажлын хэсэг байгуулагдан ажиллалаа.
- Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн найрууллаа. Энэхүү хуулиар төрөөс олгодог зөвшөөрлийн тоог 5 дахин буурууллаа.
- Тендерийн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа.
- Төрийн хэмнэлтийн тухай хуулийг батлаж, бүх шатанд хэмнэлтийн горимыг мөрдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүллээ.
- “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тухай” тогтоолыг УИХ хэлэлцэж баталсан.
2022 НАМРЫН ЧУУЛГАН - ХӨГЖЛИЙН БАНКНЫ АСУУДЛААР НОТЛОХ БАРИМТЫГ ШИНЖЛЭН СУДЛАХ СОНСГОЛ БОЛЛОО
Энэ удаагийн чуулганаар Хянан шалгах түр хороод нийтийн сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүний дээрэм, тонуулыг таслан зогсоох, олборлолт, үнэ, гэрээ, тээвэрлэлт нь ил тод байж, түүнийг ард түмэн хянах нөхцөл хуулиар олгогдлоо.
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг баталлаа. Төр зарим чиг үүргээ иргэд, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх боломжтой.
- Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, дагалдуулан тогтоол батлагдаж, эх орны баялаг, эдийн засгийн өсөлтийг хангагч уул уурхайн бүтээгдэхүүний дээрэм, тонуулыг таслан зогсоох боломж бүрдлээ.
- Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцэн баталж, авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аливаа хэлбэрээр өршөөл үзүүлэхгүй байхаар боллоо.
- Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан, Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгууллаа.
- Улсын Их Хурал “Зөвшилцөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар тогтоол гаргалаа.
2023 ХАВРЫН ЧУУЛГАН - ЭРХ ЗҮЙН ТОМООХОН РЕФОРМ ХИЙСЭН ШИНЭЧЛЭЛИЙН ЧУУЛГАН БОЛЛОО
Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулиудыг баталж гаргалаа.
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Шударга ёсыг тогтооход, албан тушаал, эрх мэдлээр далимдуулан бусдаас давуу байдал эдлэх боломжийг хязгаарлахад энэ хуулийн зохицуулалт чиглэж байгаа юм.
- Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульдаа тусгалаа.
- Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын 126 гишүүний 78-ыг мажоритараар, 48-ыг пропорциональ аргаар сонгохоор хуульд тусгалаа.
- Улс төрийн намын тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлснийг хэлэлцэн, баталлаа.
- Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын салбарын багц хуулиудыг батлан гаргалаа.
2023 НАМРЫН ЧУУЛГАН - ОТГОН НАМРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙНА
УИХ-ын энэ удаагийн бүрэн эрхийн "отгон" намрын чуулган хууль зөрчсөн, ард түмнийхээ боломжийг хулгайлсан үйлдлүүдэд хуулийн хариуцлага тооцож, төрийн бодлого нь иргэдийнхээ хүсэл шаардлагад нийцэж, ажиллах хэрэгтэйг онцлон нээлтээ хийсэн. Ингэж чадахгүй бол төр, иргэний итгэлцэл алдарна гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэж байлаа.
- УИХ дахь Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо, холбогдох Байнгын хороод нийслэл хотод 30 жил ужгирсан, газрын наймаа, нийтийн тээвэр болон бусад асуудлыг ил тод болгоход анхаарч ажиллалаа.
- Монголын эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулсан “нүүрсний” гэх тодотголтой хэргийн сонсголыг зохион байгууллаа.
- 2024 оны Монгол Улсын төсвийг хэлэлцэн, баталлаа.
- Хүүхэд хамгааллын асуудалд анхаарал хандуулж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлсэн этгээдийн ялын бодлогыг чангатгалаа.