Элта их сургууль дахь Монгол судлалын төвд зочиллоо
Унгар Улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Унгар Улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг ажиллалаа.
"Унгар буюу Мажарууд нь Монголчуудтай эртлэн танилцсан ард түмэн юм. Түүх сөхвөл тэртээ 13-р зуунд их эзэн Чингис хааны ач хүү Батхаан Мажар улсад дайтаж, энхийг тогтоож байсан цагаас хойш хоёр орны хоорондын харилцаа эхэлж байсныг түүх судар бичигт тэмдэглэж үлдээсэн байдаг. Үүгээрээ ч энэ улс монгол судлалаар европ тивд тэргүүлдэг хийгээд дэлхий дээрх хамгийн олон монголч эрдэмтэн Унгар улсад байна."
УИХ-ын дарга тус улсад хийсэн айлчлалынхаа үеэр Элта их сургууль дахь Монгол судлалын төвд зочилж Монгол Унгарын соёл түүхийн харилцаа, хэл шинжлэлийн талаар илтгэл тавилаа.
Монгол ба төв Ази судлалын тэнхим нь тус сургуулийн ууган тэнхимийн нэг бөгөөд эдүгээ Өвөр Монгол, Турк зэрэг олон орны эрдэмтэд зорин очиж суралцаж буй нь монгол судлал дэлхийн анхааралд байсаар ирсэнг илтгэнэ. Тус төвийг доктор, профессор нэрт монголч эрдэмтэн Бирталан Агнеш ахалж байна. Монгол домог зүй, хэл шинжлэл, түүх соёлын талаар олон жилийн нөр их хөдөлмөрөө зориулж ирсэн Агнеш багшийн хувьд Данзанравжаагийн шүлэг зохиолыг орчуулах, судалгааны томоохон бүтээлүүдийг хийж “Равжаа судлал”-г дэлхий дахинд таниулж яваа соён гэгээрүүлэгчдийн нэг билээ.
Энэ үеэр 1930-аад онд Үлэмжийн чанар дууны Унгар хэлд орчуулагдсан эхийг хувилан гардуулж өгчээ.
Мөн Унгар улсын Шинжлэх ухааны академид хадгалагдаж байсан орчин цагийн монголын уран зохиолыг үндэслэгч, билгүүн номч Бямбын Ренчин гуайн тус улсад докторын зэрэг хамгаалж асан “Монгол хэлний харьцуулсан судалгаа” -ны эх хувийг УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулан өгсөн юм. Их эрдэмтний Монгол хэл шинжлэл, түүх, соёлын хөгжилд жин дарах алдарт судалгааны бүтээл ийнхүү эх орондоо ирсэн нь мөн л монгол соёл түүхийн бахархалт үйл явдлын нэг боллоо.
Тус академийн архивд нандигнаж ирсэн Их хүмүүн Бямбын Ренчин гуайн тухайн үеийн мажар хэлээр галиглаж бичсэн зохиолууд , Чингис хааны хар дэвтэр болон Үлэмжийн чанар, Тоорой банди зэрэг дуунууд багтсан нэн ховор нандин бүтээлийг эмхэтгэн хэвлэж олны хүртээл болгох ажлыг хоёр орны эрдэмтэд хамтран ойрын үед хийхээр боллоо.