МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажактай уулзлаа
2024.03.16
Гадаад харилцаа

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажактай уулзлаа

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажактай өнөөдөр уулзлаа.

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын энэхүү айлчлал нь энэ онд хоёр улсын хооронд хэрэгжиж буй анхны өндөр түвшний айлчлал хэмээн тэмдэглээд, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр, Өнгөрсөн онд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэн жил болж өнгөрлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч 18 жилийн дараа Лаос Улсад төрийн айлчлал хийж, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга 11 жилийн дараа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Эдгээр айлчлал нь хоёр улсын харилцааны түүхэн шинэ хуудсыг нээж, бидний өвөг дээдсийн тогтоосон ахан дүүсийн найрсаг харилцааг улам бүр бататгасан хэмээн онцлов.

УИХ-ын дэд дарга Монгол Улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлснийг дурдаад, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны танхимыг шинэчлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулж, хоёр улсын харилцааны найрамдлын бэлгэ тэмдэг болсон улаан модон сандал, ширээг нэмж бэлэглэсэнд талархал илэрхийлэв.

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Сүнтон Сайяажак УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатарт халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд, энэ удаагийн айлчлал хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн итгэж байна гэлээ.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад хэрэгжүүлсэн төрийн айлчлал нь хоёр улсын шинэ жарны түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болсон гэж үзэж байна. Төрийн айлчлалын дүнгээр талууд Засгийн газар хоорондын хэлэлцээр, байгууллага хоорондын санамж бичиг зэрэг хоёр улсын эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой баримт бичгүүдийг байгуулсан нь хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, аялал жуулчлал, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна гэв.

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар хоёр улсын улс төрийн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчинг бүрдүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэдгийг онцолсон. Тэрбээр, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн даргын Монгол Улсад хийсэн айлчлал нь парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал түлхэц болсон гэдэгт итгэлтэй байна. Монгол, Лаосын харилцааны чухал механизмуудын нэг болох Парламентын бүлгүүдийн ажил хэрэгч уулзалт, ойр дотно хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, Парламентын бүлгийн төлөөлөгчдийг харилцан солилцох замаар хууль тогтоогчдын дэмжлэгийг авах нь уламжлалт харилцааг бэхжүүлэх нэгэн үндэс суурь болох юм.

Манай хоёр улс Парламентын бүлэг, Засгийн газар хоорондын комисс, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт зэрэг хамтын ажиллагааны болон яриа хэлэлцээний олон механизмтай. Цаашид энэхүү механизмуудаа ашиглан харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр хөгжүүлэхийн төлөө байна гэлээ.

Хатагтай Сүнтон Сайяажак, Монгол, Лаосын харилцааны чухал механизм болох Засгийн газар хоорондын комиссын XII хуралдааныг 2024 онд Вьентьян хотноо зохион байгуулна хэмээгээд, энэхүү хуралдаан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна хэмээсэн.

Уулзалтын үеэр эдийн засаг, хөдөө аж ахуй, худалдаа, аялал жуулчлал, боловсролын салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Уулзалтад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пенгсаван Гээвпасөд, Үндэсний Ассамблейн гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дэд дарга, Лаос-Монголын парламентын бүлгийн дэд дарга Сисүнтон С.Пабмисай, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сингкам Вунгпачан нар оролцлоо.

Уулзалтын дараа БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейгаас Монгол Улсын Их Хуралд бэлэглэх улаан модон тавилгыг хүлээлгэн өгөх-хүлээн авах протоколд УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сингкам Вунгпачан нар гарын үсэг зурлаа

ШИНЭ МЭДЭЭ