"Марс ВИ" төслийн хүрээнд Монгол, Япон эрдэмтэн судлаачид сансрын туршилтын бөмбөлөг хөөргөлөө
2024.03.25
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

"Марс ВИ" төслийн хүрээнд Монгол, Япон эрдэмтэн судлаачид сансрын туршилтын бөмбөлөг хөөргөлөө

Монгол орны маань газар зүйн байршил, агаарын орон зай, хүн амын тархмал суурьшил, хот суурин газруудын байрлал зэрэг нь дэлхийн агаар мандлын хоёр дахь давхаргад сансрын бөмбөлгийг хөөргөх таатай боломжийг олгодог нь далайд гарцгүй, эх газрын Монгол орныг тус салбараар дамжуулан дэлхийтэй холбох нэг чухал суваг юм.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар "Марс ВИ" төслийг судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохих арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг 2022 онд Шадар сайдаар ахлуулан байгуулсан. Уг төслийн хүрээнд Монгол, Япон эрдэмтэн судлаач нар хамтран Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн өдөр сансрын туршилтын бөмбөлгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хөөргөлөө.

Эдгээр бөмбөлөгт суурилуулсан өндөр нягтралтай гэрэл зургийн болон дүрс бичлэгийн төхөөрөмжийн тусламжтайгаар цас зуд, ой, хээрийн түймэр, хөрсний доройтол, цөлжилт, агаарын бохирдол зэрэг байгаль цаг уурын болон хүний хүчин зүйлийн нөлөөг тодорхойлох, улмаар хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, зам тээвэр, мэдээлэл харилцаа холбоо зэрэг бүхий л салбарт ашиглах мэдээлэл цуглуулахад олон талын үр ашигтай.

Мөн шинжлэх ухааны туршилт судалгаа хийхэд тохиромжтой тул тодорхой нөхцлүүд бүрдсэн үед аялал жуулчлал, ачаа тээвэрт ашиглах, одон орон, сансар судлал, инженер технологийн мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа оюутан залуус шимтэн сонирхдог хүүхэд багачууд, судлаачид, эрдэмтдэд нээлттэй платформ болох боломжтой юм.

ШИНЭ МЭДЭЭ