2024.04.04
Орон нутгийн хөгжил
Хот, хөдөөгийн сэргэлт ажлын хэсгийн 15 дугаар хуралдааныг зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөтөлбөрт 2024 онд “Хот хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжих замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгаа тэлэхэд чиглэсэн төсвийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болсон.
Энэ хүрээнд “Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Өнөөдрийн /2024.03.29/ хуралдааНЫГ Төрийн ордоны Нутгийн удирдлагын танхимд зохион байгуулж, 16 яамны дэд сайд, Ерөнхий сайдын зөвлөх, 21 аймгийн ЗДТГ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болон холбогдох яам агентлагийн мэргэжилтэнгүүд оролцлоо.Хуралдаанаар 2023 онд 21 аймагт хэрэгжүүлсэн ажлын тайлан болон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, шилжилт хөдөлгөөн, боловсролын салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээ, Хот хөдөөгийн сэргэлт зорилтын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон үр дүнгийн талаар хэлэлцлээ. Мөн хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах ажлыг эдийн засаг, дэд бүтцийн томоохон төслүүдтэй уялдуулан хэрэгжүүлэх талаар танилцууллаа.
Тухайлбал, Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан, багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэн, гол ба үндсэн авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөн шинэчилж, олон түвшний уулзварыг байгуулан хүртээмжийг нэмэгдүүлж, авто замын түгжрэлийг бууруулна.
Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулна.
Аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг бүрдүүлнэ.Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг дэмжиж, хүнсний дотоодын хэрэгцээг ханган, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлнэ.