Оёмол бүтээгдэхүүний түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвараас хугацаагүй чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.10
Эдийн засаг, Худалдаа

Оёмол бүтээгдэхүүний түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвараас хугацаагүй чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ж.Батжаргал, Б.Бейсен, С.Ганбаатар, Д.Ганбат, Г.Ганболд, Ц.Туваан, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өнөөдөр (2024.04.10) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улс хөнгөн үйлдвэрлэлийн салбар тэр дундаа оёдлын салбарыг дэмжих бодлогын хүрээнд 2005 оны 3 сарын 18-ны өдөр Гаалийн тариф, гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийг баталж, мөн хуулиар оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвараас чөлөөлж, салбарын аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжиж байсан туршлагатай. Уг хуулийг 2016 онд хүчингүй болгосноор салбарын үйлдвэрлэл эрхлэгчдэд татвар, санхүүгийн дарамт нэмэгдсэн төдийгүй үүнийг дагасан бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, ажлын байрны тоо, зах зээлд эзлэх хувь хэмжээ буурсан үзүүлэлттэй байна.

Салбарын судалгаагаар үйлдвэрлэгчдэд тулгамддаг томоохон бэрхшээлд хүний нөөцийн дутагдал, төрийн хүнд суртал, татварын ачаалал, бүтээгдэхүүний түүхий эд, материалыг импортоор хангадаг, импортын барааны үнэ өндөр зэрэг шалтгааныг голчлон дурджээ.

Түүнчлэн салбарын мэргэжилтэн, мэргэжлийн холбоодын зүгээс салбарт тулгамдаж буй бэрхшээлүүдээс нэн түрүүнд оёмол бүтээгдэхүүний импортын түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн татвараас чөлөөлөх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, хууль санаачлагчид хүргүүлж байсан гэж Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа танилцуулав.

Тэрбээр, дотоодын бэлэн хувцасны хэрэглээний 8 хувийг хангаж буй оёдлын салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх, цаашлаад экспортын бэлэн хувцасны төрөл хэмжээг нэмэгдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, салбарын хөдөлмөр эрхлэгчдийн татвар, санхүүгийн дарамтыг бууруулж, үзэл баримтлалд дурдсан олон эерэг үр нөлөөг бий болгох зорилгын хүрээнд энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Мөн хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хууль, Засгийн газрын 2019 оны Аргачлал батлах тухай 59 дүгээр тогтоолын хавсралтад заасан аргачлалын хүрээнд төрийн байгууллагын тоо мэдээ, тайлан, хөндлөнгийн судалгааны байгууллага, мэргэжлийн холбооны судалгааны үр дүн, санал, зөвлөмж зэрэг бусад эх сурвалжид тулгуурлан зохих үнэлгээ, судалгааны ажлыг гүйцэтгэсэн гэв.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 3 зүйлтэй. Хуулийн төсөлд дараах өөрчлөлтийг тусгажээ. Үүнд:

Хуулийн төслийн 1 дүгээр зүйлээр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн “Гаалийн албан татвараас чөлөөлөгдөх барааны жагсаалт” гэсэн 38 дугаар зүйлд 38.1.23 дахь заалтыг нэмж, оёмол бүтээгдэхүүний түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвараас хугацаагүй чөлөөлөх.

Хуулийн төслийн 2 дугаар зүйлээр гаалийн татвараас чөлөөлөх оёмол бүтээгдэхүүний түүхий эд, үндсэн болон туслах материалын жагсаалтыг Засгийн газар батлахаар зохицуулагдсан аж. Хуулийн төслийн 2 дугаар зүйлээр хуулийг дагаж мөрдөх огноог 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр байхаар тусгагдсан байна.

Хуулийн төсөлд 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх хугацааг заасан тул Төсвийн тухай хуульд өөрчлөлт орохгүй, улсын төсвийн бүрдүүлэлтэд ямар нэг сөрөг нөлөөлөл үүсгэхгүй гэж үзжээ.

ШИНЭ МЭДЭЭ