МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХАЙРХАН, СЭВСҮҮЛ ЖАРААХАЙ, ЧУХ БАГУУДАД АЖИЛЛАВ
2024.05.10
Орон нутгийн хөгжил

ХАЙРХАН, СЭВСҮҮЛ ЖАРААХАЙ, ЧУХ БАГУУДАД АЖИЛЛАВ

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх У.Отгонбаярын хамт Дорнод аймгийн Баяндун сумын Хайрхан баг, Дашбалбар сумын Сэвсүүл жараахай, Чух багуудад ажиллаж, “Шинэ хоршоо” хөдөлгөөн, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Засгийн газрын авилгатай тэмцэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, иргэдийн санал бодлыг сонслоо.

3 багт хийсэн уулзалтад нийтдээ 200 шахам хүн хамрагдаж “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр, хоршоо байгуулах аргачлал, үр ашгийн талаар илүүтэй сонирхож байв. Үүнчлэн баялгийн тэгш хуваарилалт, шударга ёсны тэмцэл, нийгмийн хамгаалал, малчны зээл, бүсчилсэн хөгжлийн талаар нийт 20 гаруй хүн асуулт асууж, хариулт авлаа.


Дашбалбар суманд Засгийн газрын шийдвэрээр томилогдсон Геологи судалгаа шинжилгээний төв ТӨҮГ-ийн Э.Энхтулга, Б.Өсөх-Эрдэнэ нарын албан хаагчид “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр, хоршооны чиг баримжаа өгч, арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Тэд тус суманд нэг сарын хугацаатай ажиллах юм.

Мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд тэсвэртэй, эрсдэлийг даван туулах чадамжтай байлгаж малчид амьжиргаагаа дээшлүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүний эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд сайн дураар хамтрах, хоршоонд нэгдэх санаачилгыг дэмжих замаар мал аж ахуйн салбарыг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг сурталчлан таниулах, санал солилцох ажлыг өрнүүлж байна.

Таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Шинэ хоршоо- Чинээлэг малчин” арга хэмжээний 5 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилтийг Монголбанк болон арилжааны 7 банк хоршоогоор дамжуулан малчдад 6 хувийн хүүтэй олгох юм.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь мал аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулах, байгалийн бэрхшээлийг хамтын хүчээр хохирол багатай даван туулах улмаар мал аж ахуйн салбар ба малчдын ажил амьдралыг шинэ шатанд гаргахад чиглэгдсэн урт хугацааны бодлогын хөтөлбөр юм.

ШИНЭ МЭДЭЭ