Налайх дүүрэг дэх “Тавантолгой түлш” Зүүн бүсийн үйлдвэрийн 3-р цехийн үйл ажиллагааг нээлээ
2024.05.13
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Налайх дүүрэг дэх “Тавантолгой түлш” Зүүн бүсийн үйлдвэрийн 3-р цехийн үйл ажиллагааг нээлээ

“Тавантолгой түлш” Зүүн бүсийн үйлдвэрийн 3-р цехийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй албаны төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2019 онд Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу “Тавантолгой түлш” ХХК-ийн Баруун үйлдвэрийг байгуулж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн. “Тэр үед түлшний чанар, илчлэг, норм стандарт хийгээд зөв хэрэглээг дадуулах гээд үйлдвэрлэл, түгээлт, түүхий эдийн хангалт нийлүүлэлт зэрэг бүхий л шат дамжлага дээр Хотын Захирагчийн хувьд хяналтыг сайтар тавьж ажилласны үр дүнд 2019-2020 оны өвөл Улаанбаатарын агаарын бохирдол бодитоор 50 хувь буурсныг хэн хүнгүй санаж байгаа болов уу.

Түлшний илчлэг нэмэгдэж, дулаан барилтын хугацаа хоёр дахин уртассанаар түлшний хэрэглээ жилд 1-2 тонноор буурсан нь ч бодит баримт юм. Гагцхүү сүүлийн 2-3 жил сайжруулсан түлшний орц найрлага, түүхий эдийн чанар стандартад тавих шат шатны хяналт суларсны улмаас хотын утаа эргээд нэмэгдсэн нь нууц биш. Иймд чанар стандартын хяналтыг хаана хаанаа тавьж ажиллах нь хөрөнгө оруулалтыг үргүй зардал болгохгүй, энэхүү үйлдвэрт ажиллаж хөдөлмөрлөж байгаа Их уурхайн үргэлжлэл-уурхайчдын үр хойчсын хөлс хүчийг үнэгүйдүүлэхгүй байх хамгийн гол үндэс суурь юм” хэмээн Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр онцоллоо.

Засгийн газрын шийдвэрийн дагуу Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоол 2022 оны 03 дугаар сард гарч, Баруун үйлдвэрийн үйл ажиллагааг үе шаттайгаар зогсоох ажил эхэлсэн. Зүүн болон Төвийн үйлдвэрийн одоогийн хүчин чадлаар Улаанбаатар хотын хэрэглэгчдийг сайжруулсан шахмал түлшээр өвлийн галлагааны үед бүрэн хангах боломжгүй байсан тул Зүүн бүс дээр 3 дугаар цехийг өргөжүүлэн байгуулж, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар зардлыг бууруулах зайлшгүй шаардлага үүссэн.

3-р цех нь хоногт 800тн, жилд 240.000 тонн шахмал түлш үйлдвэрлэх боломжтой болж, өөрийн өртөг 1 тн тутамд 40 000 төгрөгөөр буурч, хөдөлмөрийн бүтээмж мөн 4 дахин нэмэгдэх юм. Ингэснээр Зүүн үйлдвэрийн хүчин чадал 2.5 дахин нэмэгдэж, Улаанбаатар хотыг шахмал түлшээр бүрэн хангах зорилт хэрэгжих боломж бүрдлээ.

Технологийн сайжруулалтын хүрээнд 2023 онд орчин үеийн тоноглол бүхий химийн шинжилгээ, туршилтын лабораторийг ашиглалтад оруулсны үр дүнд импортыг орлох барьцалдуулагчийг дотоодын аж ахуйн нэгжээс авдаг болж, хүхэрлэг хийн агууламжийг 30 хувиар багасгаж, барьцалдуулагчид зарцуулж байгаа нэгж өртгийг 5 хувиар бууруулсан тухай таатай мэдээг үйлдвэрийн удирдлагууд Цехийн нээлтийн үеэр хэлж байв.

Аж үйлдвэрийн ууган голомт, Уурхайчдын хот маань дахин үйлдвэрийн хот болон сэргэн хөгжих шинэ замналыг эхлүүлж, илүү чанартай, баяжуулсан бүтээгдэхүүнээр нийслэл хотыг төдийгүй бүс нутгаа хангаж, илч дулааныг түгээх бахдам үйл хэргийн төлөө зүтгэж, өнөөдрийн амжилтыг авчирсан Та нартаа халуун баяр хүргэе.

ШИНЭ МЭДЭЭ