ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭД ЧУУЛЖ БАЙНА
Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран 11 жилийн турш “Зүүн хойд Азийн аюулгүй байдал”-ын тулгамдсан асуудлаар Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНААЧИЛГУУД, УЛС ОРНУУДЫН ОРОЛЦОО, ХЭТИЙН ТӨЛӨВ” сэдвээр зохион байгуулж байна.
Сүүлийн жилүүдэд олон улсын цэрэг-улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн орон зайн төлөөх өрсөлдөөн зэрэг дэлхийн улс орнуудад нүүрлэж буй хямралыг цэргийн хүчээр тогтоон барих эрмэлзэл улам бүр давамгайлах болсон нь улс орнуудын эрх ашгийн талцал, хуваагдлыг бий болгож буй. Иймд энэхүү эрдэм шинжилгээний хурлаар Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын орчин, түүнд үүссэн нөхцөл байдал, хамтын ажиллагаанд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх арга зам, боломжуудын талаар нээлттэй ярилцахад чиглэгдэж байна.
Өмнөх жилүүдэд АНУ, Австрали, Турк, Франц зэрэг улс орны эрдэмтэн судлаачид оролцож байсан бол энэ жил шинээр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас зочин илтгэгч анх удаа хүрэлцэн иржээ. Энэ нь бүс нутгийн улс орнууд төдийгүй бусад улс орнуудын эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүн, санал дүгнэлтийг сонсох боломжийг олгож, хурлын ач холбогдол, цар хүрээ жил ирэх тутам нэмэгдэж буйг илтгэж байна.