Малчид хоршоолж ажилласнаар жилд 6 хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой
Сонгуулийн сурталчилгааны энэ өдөр Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Монгол үндэстэн гэдэг ялгарлыг тээж, эх орныхоо алс хязгаарт, өнцөг булан бүрд эзэн нь байж чаддаг малчид, үндэсний спортоо хөгжүүлж, үр хойчдоо өвлүүлэн хөгжүүлэх үйлсэд гар бие оролцож буй бөхчүүд, сур харваачид, уяачидтайгаа уулзлаа.
Монгол орны нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч, мал аж ахуйн салбарт хүндхэн нөхцөл байдал үүссэн. Өнгөрсөн өвлийн тухайд 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндэрсний улмаас нийт 4957 өрх мал сүргийнхээ 70 ба түүнээс дээш хувийг алдсан бол 513 өрх 100 хувь малгүй болсон.
Иймд Засгийн газар, УОК-оос нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ авч, цаашид байгаль цаг уурын өөрчлөлтөөс үүдэн бий болж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, малчдыг өвөлжилт, хаваржилтад тэсвэртэй байж, тогтмол ашиг орлоготой болгох зорилгоор “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг боловсруулж, “Шинэ хоршоо" хөдөлгөөнийг орон даяар эхлүүллээ.
Малчид хоршоолж ажилласнаар жилд 6 хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 хүртэлх сарын хугацаатай авч, хөдөө аж ахуйн салбарын үйлдэрвэрлэгч болох боломж бүрдэж буй юм.
Түүнчлэн Налайх, Багануур, Багахангай дүүрэг Үндэсний их баяр наадмаа тусдаа тэмдэглэж, баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн, шагналт байрт шалгарсан бөх, сур, шагайн харваачид болон айрагдсан морьдын уяачдад олгодог цол, чимэг, зэргийг аймгийн баяр наадмын цол, чимэг, зэрэгтэй адилтган олгож байхаар хуульчиллаа. Энэ нь эдгээр дүүргүүдийн уяач, бөхчүүд, харваачдад томоохон дэмжлэг болсон.