БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ ЖИЛД 2,5 САЯ ТОНН НҮҮРС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Сонгуулийн сурталчилгааны уулзалт Багахангай дүүрэгт үргэлжиллээ. Уулзалтад төрийн албан хаагчид болон орон нутгийн өмчит үйлдвэрийнхэн, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын салбарынхны төлөөлөл оролцлоо.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд өнгөрсөн хугацаанд төрийн албан хаагчдын цалингийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлж, алслагдсан дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж буй албан хаагчдад 20 хувиар орон нутгийн нэмэгдэл цалин олгож, боловсрол, эрүүл мэндийн салбарт гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлж, цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлээд байгаа.
Багахангай дүүрэгт экспортын бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч угсралт, хөнгөн үйлдвэрийн салбарт шинэ техник технологийг нэвтрүүлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлж, үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэх зорилготойгоор үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулсан.
Энэхүү паркт Монгол Улсад жилд 2,5 сая тонн нүүрс боловсруулах, 1,9 сая тонн кокс үйлдвэрлэх, хаягдал дулаанаар жилд 1 сая квт эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр байгуулагдаж байна. “Ян Сарьдаг Оргил” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл нь 60 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ. Үүнээс 40 МВт эрчим хүчээр дотоод хэрэгцээгээ хангаж, үлдсэн 20 МВт эрчим хүчийг төвийн сүлжээнд нийлүүлнэ. Нийт 2,9 тэрбум юанийн төсөвт өртөгтэйгээр хэрэгжүүлж байгаа төслийн хоёрдугаар үе шат нь ган бөмбөлөгийн үйлдвэр байгуулах байх юм. Төсөл хэрэгжсэнээр эхний ээлжинд 250 хүний ажлын байрыг бий болгож, багахангайчуудыг ажлын байраар хангах таатай нөхцөл бүрдэж байгаа нь энэ.
Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааны хүрээнд 2025-2030 онд 1500 хүртэл ажлын байр бий болгох кластеруудын бүтээн байгуулалтын ажил үе шаттайгаар ийнхүү эхэлж байна. Багахангай дүүргийн томоохон бүтээн байгуулалт болох эдгээр үйлдвэрүүд улам өргөжиж, ажлын байрыг нэмэгдүүлснээр нийслэлийн дагуул хот болон хөгжих үндэс суурийг тавьж байгаа юм.