АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАРТ АЖИЛЛАЛАА
2024.08.06
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны холбогдох албан тушаалтнуудын хамт /2024.08.01/ Ашигт малтмал, газрын тосны газарт ажиллалаа.

Энэ үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд Монгол Улсын стратегийн чухал салбар болох уул уурхай, газрын тосны салбарын бодлогыг тодорхойлж, аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд хуулиар олгосон чиг үүргийнхээ хүрээнд бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлээд, агентлагийн үйл ажиллагаа, стратеги төлөвлөгөөний биелэлт, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг танилцууллаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан бизнес эрхлэгчдээ дэмжсэн илүү нээлттэй, таатай орчинг бүрдүүлж, төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй түргэн шуурхай хүргэх нь чухлыг онцлоод, газрын тос, ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлыг тодруулж, шийдвэрлэх арга замын талаар Ашиг малтмал, газрын тосны газрын удирдлагуудтай санал солилцлоо.

Мөн тэрбээр, Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Хуримтлалын санг баяжуулахаас эхлээд хийх олон ажил хүлээгдэж байгааг сануулж, Ашигт малтмал, газрын тосны газар нь Орон нутаг дахь төлөөлөл хариуцсан газраараа дамжуулан орон нутаг, аж ахуйн нэгжүүдтэй ойлголцох, газар дээр нь биечлэн ажиллахад илүү анхаарах, тус газрын бүсчлэлийг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тодорхойлсон бүстэй уялдуулж, тогтоох чиглэл өгөв.

Ашигт малтмал, газрын тосны газар нь энэ онд нийт 15 зорилгын хүрээнд 95 зорилт, арга хэмжээг Төсвийн ерөнхийлөн захирагчид нийлүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахаар төлөвлөсөн бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын төсөвт 188.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлт 44.6 хувьтай байна.

Түүнчлэн АМГТГ-аас эрдэс баялгийн салбарын үр өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай болгох зорилгоор цахим засаглалд шилжээд буй. Энэ хүрээнд хайгуулын болон уулын ажлын тайлан, төлөвлөгөөг цахимаар авахаас гадна Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтаар олгох үйл ажиллагааг www.tender.gov.mn цахим системд нэмэлт хөгжүүлэлт хийлгэж, бүрэн цахимд шилжүүлсэн билээ. 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 21 удаагийн сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулж, 86.4 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Мөн газрын тосны эрэл хайгуулыг эрчимжүүлэх ажлын хүрээнд 2024 оны 07 дугаар сарын 30-ны байдлаар нээлттэй зарласан газрын тосны хайгуулын 15, нүүрсний давхаргын метан хийн хайгуулын 1 талбай байна.

ШИНЭ МЭДЭЭ