Ц.Туваан: Эрдэс баялгийн салбар олборлолт, ашиглалт, боловсруулалт дээр онцгой анхаарна
2024.08.12
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Ц.Туваан: Эрдэс баялгийн салбар олборлолт, ашиглалт, боловсруулалт дээр онцгой анхаарна

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан Уул уурхайн Үндэсний ассоциацаас зохион байгуулж буй уурхайчдын наадмын нээлтэд оролцлоо. Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, "Эрдэнэт" ТӨҮГ-ын захирал Г.Ёндон, Уул уурхайн үндэсний ассоциацын удирдлагууд, уул уурхайн компаниудын төлөөлөл Уул уурхайн үндэсний ассоциацын 30 жилийн ой, Уурхайчдын наадамд оролцож, үндэсний их баяр наадмаа тэмдэглэлээ.

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан нээж үг хэлэхдээ, 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан эвслийн Засгийн газар олборлолт, ашиглалт, боловсруулалт дээр онцгой анхаарч Аж үйлдвэр, Эрдэс баялгийн салбарыг аж үйлдвэржилт буюу эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэн ажиллах зорилтыг тавьж буй талаар тэмдэглэв. Тиймд геологийн хайгуул, судалгааны ажлыг нэн тэргүүнд чухалчлан ажиллах, салбарын хууль тогтоомжийн тогтвортой байдлыг хангаж гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх, хувийн хэвшлүүд, үйлдвэрлэл эрхлэж буй аж ахуй нэгжүүдээ Засгийн газраас тогтвортой бодлогоор дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, Уул уурхайн салбар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацын үйл ажиллагаа улам бүр өргөжин тэлж байгааг онцлон дэлхийн томоохон уул уурхайн олборлогч улсуудтай хамтын ажиллагаагаа тэлж, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэлийг бий болгохоор зорьж байгаад талархалтай байна гэв. Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайдаар шинээр томилогдон ажиллаж буй Ц.Тувааныг цаашид энэ салбарыг олон улсын стандартад нийцүүлэн, шинэ түвшинд гарган ажиллахыг хүсэв.
"Эрдэнэт" ТӨҮГ-ын захирал Г.Ёндон, Уул уурхайн салбарт ажиллаж буй нийт алба хаагчдад ажлын амжилт хүсэж, Уул уурхайн үндэсний ассоциаци үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхийг ерөөв.

ШИНЭ МЭДЭЭ