МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
2024.08.14
Улстөр

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр (2024.08.14) Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Н.Батсүмбэрэл, П.Сайнзориг, Д.Энхтуяа, Дам.Цогтбаатар, Х.Тэмүүжин нар өргөн мэдүүллээ.

Уг хуулийн төсөл нь Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдсэн, 126 гишүүнтэй парламентын гишүүдээс өргөн мэдүүлж буй анхны хуулийн төсөл гэдгийг хууль санаачлагчид тодотгов. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1 дэх заалтад “Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн Улсын Их Хурлын гишүүн санаачлах ба бусад хуулийн төслийг өргөн мэдүүлэх, Улсын Их Хурлаар хэлэлцэн батлахдаа дагалдах хэлбэрээр Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөхийг хориглоно” гэж заасныг үндэслэн хуулийн төслийг боловсруулжээ.

Энэхүү хуулийн төсөлд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлд Хэлэлцэн шийдвэрлэх хугацааг нь хуульд тусгайлан заасан асуудлыг Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жилийн хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлээгүй бол шинээр бүрдсэн Улсын Их Хурал тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болох зохицуулалтыг нэмэхээр тусгасан байна.

ШИНЭ МЭДЭЭ