“Оюу Толгой” ХХК-ийн гүний уурхайн үйл ажиллагаатай танилцлаа
2024.08.19
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

“Оюу Толгой” ХХК-ийн гүний уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан, УИХ-ын гишүүн Сүхбаатарын Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Ганбатын Очирбат, УИХ-ын гишүүн Д.Батбаяр, УИХ-ын гишүүн Bayasgalan Jadamba, Сайдын зөвлөх Ш.Ганхуяг, Л.Чой-Иш, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны газрын дарга С.Сүхбат, М.Мэндбаяр нар, “Оюутолгой” ХХК-ийн талаас “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Дайрдрэ Лингэнфелдер, Гадаад харилцааны Ерөнхий зөвлөх Б.Өсөхбаяр, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ны Гүйцэтгэх захирал Э.Ганхүү, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа тэргүүтэй удирдлага, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож "Оюу Толгой" төслийн үйл явц, гүний уурхайн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, төслийн үйл явцтай газар дээр нь танилцаж, тус компанийн стратеги, цаашдын хэтийн төлөвлөгөө, хууль эрх зүйн орчны хүрээнд тулгамдаж буй асуудлаар санал солилцов.

“Оюу Толгой” төслийн гүний уурхайтай танилцуулахаар урьсан “Оюу Толгой” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, цаашид харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа салбарын сайдын зүгээс илэрхийлэв. “Оюу Толгой” төсөл, уурхайн бүтээн байгуулалтад гар биеэр оролцож буй ажиллагсдын ажиллах орчин, цалингийн нөхцөлд анхаарлаа хандуулж, бодлогын түвшинд дэмжихээ тэмдэглэв.

Тэрбээр, энд ажиллаж буй бүх ажилчид Монголын хамгийн үнэтэй баялаг. Дараа, дараагийн олон улсын түвшний төслүүдэд ажиллах, маш өндөр түвшинд мэргэшсэн, орчин үеийн техник, технологиудыг эзэмшсэн боловсон хүчнүүд бэлтгэгдэж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв. Уулзалтын эхэнд "Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, УИХ-ын гишүүд, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны ажлын хэсэгт уурхайн бүтээн байгуулалттай танилцахаар зорин ирсэнд талархалтай байгаагаа илэрхийлэв.

Уурхайн үйл ажиллагаатай танилцахаас гадна, гүний уурхайн бүтээн байгуулалтыг удирдаж буй залуучууд, манай хамт олонтой танилцаж байгаад баяртай байна хэмээн цааш, "Оюу Толгой" бол дэлхийн түвшний стандарт бүхий орчин үеийн үйл ажиллагаа явуулж буй уурхай гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр, өөрсдийн ололт амжилтаа танилцуулж, өнгөрсөн жил бидний хувьд маш чухал жил байсан бөгөөд 2023 онд гүний уурхайн үйлдвэрлэлээ эхлүүлсэн томоохон баярыг тэмдэглэснээ онцлов. Үүний үр дүнд, "Оюу Толгой" төсөл жилдээ 230 мянган тонн зэс үйлдвэрлэх боломжтой болсон байна.

Мөн гүний уурхайн бүтээн байгуулалтын 95%-ийг гүйцэтгээд байгаа аж. "Оюу толгой" ХХК нь Монгол Улсын эдийн засаг, орон нутгийн хөгжилд баг хамт олныхоо хамтаар томоохон үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд үүнд, төр, хувийн хэвшил, бидний багийн залуус онцгой хувь нэмэр оруулан ажиллаж байна хэмээв.

Төгсгөлд нь, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан томилогдоод удаагүй байхдаа бидний тулгарч буй сорилтуудыг харилцан ашигтай хамтын ажиллагааны үр дүнд даван туулах боломжтой гэдгийг онцлон тэмдэглэж талархалтай буйгаа дахин илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ