МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд
2024.08.23
Эдийн засаг, Худалдаа

Л.Соронзонболд: Хувийн сектор, насан туршийн суралцахуйн төвтэй хамтран дахин мэргэшүүлэх ажлуудыг зохион байгуулж чадвал ажиллах хүчний асуудлыг шийдвэрлэх боломжтой!

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан /2024.08.23/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:

Ангиллыг дээшлүүлж эдийн засгийг дэмжихээр тусгасан байна.  Энэ олон боомтуудаар орж ирж байгаа импортын хүнсний барааны аюулгүй байдлыг шинжилдэг лабораториудын асуудыг хэрхэн тусгаж байна вэ? 

Нийгмийн даатгалын хуримтлалын санг иргэн бүрд бүрдүүлж, бий болгож байна. Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын орлогыг тухайн жилдээ зарлагадаад явж байна. Ирэх 4 жилийн хугацаанд жилийн Нийгмийн даатгалын зарлагын хэдэн хувийг хуримтлалын сангаар бүрдүүлэх вэ. Ямар нэгэн зорилт байна уу?

Мөн Их, дээд сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэгээний цогцолбор сургууль, хотхонуудыг байгуулна хэмээн тусгасан байна. Гэтэл Дорнод аймагт МУИС-ийн хотхоны ТЭЗҮ хийгдчихсэн, газрын зөвшөөрөл гээд бүх асуудлууд нь шийдэгдчихсэн төсөл байдаг юм билээ. Тиймээс мөрийн хөтөлбөрийн хугацаанд хэрэгжих үү? 

Хувийн секторынхны гол асуудал нь мэргэшсэн ажиллах хүчний дутагдал. Гэтэл аймаг бүрд насан туршийн боловсролын төв байдаг  юм байна. Хувийн сектор, насан туршийн суралцахуйн төвтэй хамтраад хүмүүсийг дахин мэргэшүүлэх ажлуудыг сайн зохион байгуулж чадвал ажиллах хүчний асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэх дээр хариулт өгнө үү. 

Түүний асуултад, Боловсролын сайд П.Наранбаяр хариуллаа.