МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Төсвийг дагалдаж орж ирсэн хуулиудыг дэмжихгүй байна"
2024.08.23
Эдийн засаг, Худалдаа

"Төсвийг дагалдаж орж ирсэн хуулиудыг дэмжихгүй байна"

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр /2024.08.23/ хуралдаж байна. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Монгол Улсын 2024 оны төсөв болон дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлуудыг хэлэлцэж байна. Төсөвт тодотгол оруулж байгаа асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ? 

-Хамтарсан засгийн газрын хүрээнд олон асуудлуудад өөрчлөлт, шинэчлэлт хийж байна. Тиймээс тодорхой хүрээнд төсөвт нөлөөлж байна гэж харж байгаа. Хоёрдугаарт нэлээд том бүтээн байгуулалтын асуудлуудыг оруулж ирж байна. Энэ хүрээндээ том хөрөнгө оруулалт оруулж ирж байж бид хүндрэлүүдээсээ гарч чадна. Тиймээс төсвийн тодотгол орж ирж байгаа. Төсвийн зарлага дээр хөрөнгө оруулалттай холбоотой асуудлуудыг сайтар эргэж харах шаардлагатай байна. Мөн дагалдаж орж ирсэн хуулиудын тухай яригдаж байх шиг байна. Үүн дээр би дэмжихгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Өнөөдрийн байгаа Худалдах авах тухай хууль бүхий л боломж бололцоог хангасан гэж үзэж байна. Тендерийн хуулиа тойрох арга хэмжээг авч байж, уул уурхайн асуудлууд гарч ирсэн. Харин одоо тойрох биш хууль ёсоор нь бид нараар батлуулж байгаад хийх асуудал гарч ирж байна. Энэ мэт орж ирж байгаа асуудлууд болгонд зөв зүйтэй юм харагдахгүй байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд дахиад өөрчлөлт оруулах тухай ярьж байна. Бид уг нь төсвийг зөв зүйтэй зарцуулах, хяналтыг сайжруулах талаар өргөн хүрээнд ярьж байгаад том шинэчлэлт хийсэн шүү дээ. Тогтвортой ажиллах зарчмыг бид хаа сайгүй л ярьж байна. Гэхдээ үйлдэл дээрээ үүнийгээ харуулж чадахгүй байна. Сүүлийн үед төсөв дагаад маш олон хуулиуд орж ирэх болсон. Хэрвээ тийм шаардлагатай байсан юм бол урьд нь оруулж ирээд засах хэрэгтэй шүү дээ. Заавал төсөв дагаж орж ирээд өнөө, маргаашгүй хурдан батлах гээд байж болохгүй. Улс төрчид ухамсартай байх гэхээсээ илүү хуулиа дагадаг болох нь чухал. Хуулиа дагадаг, хууль нь зөв байхад анхаарах хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ