2024.08.30
Эдийн засаг, Худалдаа
Г.Уянгахишиг: НДС хариуцлагагүй хөрөнгө оруулалтын бодлоготой байна
Монгол Улсын Их Хурлын Ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.30/ нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн НДС-ийн хөрөнгө оруулалтын удирдлага гэсэн хэсэг дээр НДС-ийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчим баримтална гэж заасан. Мөн Олон нийтийн хяналтын зөвлөл дээр мөн дурдаж өгсөн. Харин ОН-ийн хяналтын зөвлөл байгуулагдсан уу. Эндээс тайлан гардаг уу, энэ мэдээллийг хаанаас авч болох вэ. Чөлөөт үлдэгдлийг ямар банканд байршуулдаг вэ. Байнгын хороон дээр хүүгүй байршуулдаг гэж хариулж байсан. Яагаад хүүгүй байршуулдаг вэ.
2023 оны НД-ын төсвийн тухай хууль дээр 300 саяыг Засгийн газрын үнэт цаас болон Монгол банкны үнэт цаасанд байршуулна гэж. Гэтэл Аудитын дүгнэлт дээр 163 тэрбум төгрөг Капитал, Чингэс хаан банканд очоод гацсан. Энэ нь ажил олгогч болон ажил хийж байгаа хүнд дарамт болдог. НД ийм хариуцлагагүй хөрөнгө оруулалтын бодлоготой байна. Цаашдаа тэтгэврийн сангийн шинэчлэлтэйгээ яаж уях гэж байна.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.