МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ТӨВ БАРИХ МӨНГӨӨ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭЭ ТОДОРХОЙЛОХОД ЗАРЦУУЛБАЛ...
О.Саранчулуун УИХ-ын гишүүн
2024.09.03
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

ТӨВ БАРИХ МӨНГӨӨ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭЭ ТОДОРХОЙЛОХОД ЗАРЦУУЛБАЛ...

Байнгын хорооны хуралдаан дээр таны гаргаж тавьсан өнцөг анхаарал татсан л даа. Юу вэ гэхээр, зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настныг онцгойлон үзэж, тэр 30-40 хувь руу чиглэсэн ажлыг хэрэгжүүлдэг гэж шүүмжилсэн байдал. Цаад агуулга нь юу болоод та тийм байр суурь илэрхийлэв?

Монгол Улс 2008 оноос хойш НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн конвенцэд нэгдэн орсон. Тэр конвенц юу гэдэг вэ гэвэл гишүүн орнуудын Засгийн газар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ (ХБИ) төлөө илүү сайжруулбал зохих 74 зүйл заалт бүхий зөвлөмжийг өгдөг. Зөвхөн Монгол гэлтгүй гишүүн орнуудад өгч байгаа тэр зөвлөмжид ХБИ-дээ зориулаад ялгаварлан гадуурхахгүйн тулд төрийн бүх үйлчилгээ, нийгмийн үйлчилгээгээндээ ийм, ийм зарчим баримтал гэж байгаа.

Түүнийг дагалдаад яригдаж байгаа нэг асуудал нь, хүнд үйлчилж байгаа бүх үйлчилгээг өөрийг нь хүртээмжтэй болгоход илүү анхаарах. Харин бие даасан, дагнасан тусгай институцийг барих юм бол хэрэгцээн дээр тулгуурлан тооцох ёстой гэсэн зөвлөмж.

Монголд 111 мянган ХБИ бий гэдэг. Гэхдээ энэ тоо зөрүүтэй. Тэр тооны ард буй асуудал гэвэл ХБИ-ийг бүдүүн тоймоор 7-8 ангилж байна. Жишээлэхэд, УИХ-ын Ж.Баясгалан бид хоёр бол нэг төрөлд орно. Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүс гэх ангилал. Гэтэл би яваад үйлчилгээгээ авч болж байхад Ж.Баясгалан бол тэргэнцэртэй учраас заавал хүний тусламж хэрэгтэй.

Тэгэхээр ангилал дээрээ ялгааг нь сайн гаргаж чадаагүйн улмаас ерөнхийдөө ХБИ-эд зориулсан үйчилгээгээ өдөр тутмын амьдралд тусламж хэрэгтэй бүлгийнхээ хүн амд зориулсан үйлчилгээ болох тэр интитуци руугаа илүү чиглүүлж байгаа. Түүнийгээ дагаад маш их зардал гардаг. Урсгал зардал, ажилтнууд гээд он удаан жил нүсэр бүтцэд хөрөнгө оруулаад байгаа юм.

ХБИ-ийн өдөр тутмын амьдралд нь асаргаа хэрэгтэй хүмүүс бий. Хүүхдүүд, эцэг эхчүүд гээд. Гэхдээ би тэдний хэрэгцээг үгүйсгэх гэсэн юм биш. Над шиг алхаж гишгээд явчихдаг, тодорхой хэмжээнд сурч боловсроод өөрийгөө бүрэн илэрхийлчих хүн ХБИ дунд олон бий.

Тэгвэл Засгийн газрын Мөрийн хөтөлбөр нь өөрөө бие дааж амьдрах чадвартай энэ хүмүүс рүүгээ чиглэх ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн бүх шатны үйлчилгээг хүртээмжтэй болгохын тулд хөрөнгө оруулах. Энэ нь өөрөө тэрхүү тогтолцоог өөрчилж, улмаар хүртээмжийг өөрчилж байгаа хэрэг болно. Миний хэлэх гэсэн санаа энэ.

Тэгвэл таны бодлоор бие даан ажил хөдөлмөр эрхлэх боломжтой бүлгийг хэрхэн дэмжих вэ?

“1/25” гэдэг алдартай заалт байгаа л даа. Тэр нь юу вэ гэхээр 25 ажилтантай аж ахуйн нэгж (ААН) нэг ХБИ-ийг ажиллуулна гэсэн заалт. Жишээ нь би өмнө нь “Ахиллис” гээд ТББ-д ажиллаж байсан. Тэр хугацаанд маш олон олон нийтийн байгууллагатай ажиллаж байлаа. Тухайн байгууллагууд ямар санал тавьдаг вэ гэхээр бид 25 ажилтан тутамдаа нэг ХБИ танайхаас авч ажиллуулмаар байна гэдэг. Гэтэл ХБИ дотор харааны, сонсголын бэрхшээлтэй.

Мөн гараа, хөлөө тайруулсан хүмүүс байна. Гэтэл тухай байгууллагын ажлын байр дахь тохиргоонууд нь хүртээмжгүй учраас бүх хүмүүст тохирч чаддаггүй. Тийм нөхцөлд байгууллага ХБИ-ийг ажилд аваагүйнхээ төлөө мөнгө төлдөг. Тэр мөнгө нь Хөдөлмөр эрхлэх сан руу очдог. Тэр сангийн мөнгө нь ХБИ-ийг ажилд зуучлахад зориулагдаж байна. Гэтэл ААН-үүд хэдий ХБИ-ийг ажилд авах ёстой гэж ойлгоод байгаа боловч тэр байгууллагын хаалга үүд нь, цаашлаад мэдээллүүд нь хүртээмжгүй байдаг. Хүртээмж гэхээр бид гулгуур ярьдаг. Байгууллагынхаа хаалганы хажууд огцом налуутай гулгуур хийчихдэг. Тэргэнцтэй хүн өөрийгөө түүн дээр түрээд гаргаж чадахгүй шүү дээ.Түүнийг хүртээмж гэж ойлгодог.

Гэтэл дотор нь ороод ариун цэврийн өрөөг нь ашиглах боломжгүй. Наад зах нь байгууллагын өрөөний хаягийг ядаж сул хараатай хүн уншиж чадахуйц тод томруун, хүртээмжтэйгээр хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, мэдээллийн хүртээмж, орчны хүртээмж гэдэг хоёр ойлголтыг яриад байгаа юм. Эдгээр хүртээмжээ сайжруулчих юм бол ХБИ саадгүй яваад, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болно. Дээр дурдсанчлан УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хүний тусламжгүй дуртай газраараа орох боломжтой болно. Нэг үгээр, ХБИ зөвхөн эндээс үйлчилгээгээ авна гэж тусгаарлаад байгаа нь ялгасан хандлага руу яваад байгаа юм.

Та Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ХБИ-эд зориулсан олон заалт орсон байна. Гэвч төв барина гэж байгаа нь тухайн заалтуудтай харшилж байна гэж байсан?

Монгол Улс 2050 он хүртэлх урт, дунд, богино хугацааны хөтөлбөртөө ХБИ-тэй холбоотой 29 зүйл заалт оруулсан байгаа. Бүх хөтөлбөртөө бүх үйлчилгээ хүртээмжтэй байна гэж маш олон талаар тусгасан хэрнээ одоо ХБИ-д зориулсан төв барина гэх. Харин түүний оронд аймаг, сум, дүүрэг гээд бүх төрийн байгууллагынхаа орчны, мэдээллийн хүртээмж рүү тэр байшин барих мөнгөөр хөрөнгө оруулбал гэсэн өнцөг байсан. Харин нөгөө өнцөг нь том байшин барих тусам тэнд ажиллах албан хаагчид, ажилтнуудын тухай яригддаг.

Тэр бүгд урсгал зардалтай. Нэгэнт том бүтээн байгуулалт яригдаж байгаа бол хэрэгцээгээ судалж байж хийе гэсэн санаа. Монголд байгаа 111 мянган ХБИ-ийн хэд нь хэвтрийн, хэд нь асаргааны хүнд хэлбэрийн, эсвэл хэд нь хүүхэд байна гэхчлэн нарийн гаргах хэрэгтэй. Тэгвэл яг хэдэн хүнд тусгай институцид суурилсан үйлчилгээ хэрэгтэй байна вэ гэдэг гарч ирнэ. Харин тэгснийхээ дараа аймаг, дүүрэг гэдэг зүйлийг ярьвал яасан юм бэ гээд байгаа юм.

Гэтэл нөгөө талд юу гэж байна гэвэл, улс орныхоо өнөөгийн нөхцөлд байдалд тулгуурлаад хүнд хэцүү байгаа хүмүүсээ анхаарчихъя, төв барья гээд байгаа. Ядаж бид тэр төвүүдийнхээ нийгмийн үр нөлөөг 4-5 жилийн дараа харах хэрэгтэй. Өнөөдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан яг хэдэн хүн ажилд орчихоод байгаа тухай нарийн судалгааг гаргаж чадахгүй л байна.

Сан байгуулсан, бүтэц чухал гээд төсвийн тодотгол, аудит, орлого зарлагын тэнцэл гэх зүйлсийг их ярьж байна. Харин би юу харахыг хүсээд байна гэхээр нийгмийн үр нөлөөг. Уг нь бол аймаг, дүүрэг бүрд хүүхэд, залуучуудын хөгжлийн төв, ахмадын төв бий. Тэр төвүүддээ ХБИ-эд зориулсан жаахан тохиргоо хийхэд л болно. Тусад нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ гэж ярьж байна. Гэтэл дүүрэг болгонд эрүүл мэндийн төв байгаа шүү дээ.

Тэр эмнэлэгүүд, эмнэлэгийн ажилтнууд өөрсдөө мэдээллээ, орчноо хүртээмжтэй болгох ёстой. Нэг үгээр Саранчулуун шиг, Баясгалан шиг ямар ч хүн ирж болно гэж тохируулахын оронд тусад нь төв барина гээд байгаа нь алдаа юм. ХБИ янз бүр байдлаар ажиллаж хөдөлмөрлөх боломжууд байгаа. Бид тэднийг нарийн тодорхойлж гаргаж чадахгүй байгаа болохоор нийгмийн үр нөлөөгөөр нь эрэмбэлж чадахгүй байна. Уг нь төв барих мөнгөө ХБИ-ийг тодорхойлоход зарцуулбал. Тэгсэн цагт ямар байшин барих нь тодорхой болно.  

ШИНЭ МЭДЭЭ