Б.Батцэцэг: Хилийн чанадад амьдарч буй иргэдийн нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарна
2024.09.17
Гадаад харилцаа

Б.Батцэцэг: Хилийн чанадад амьдарч буй иргэдийн нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарна

Монгол Улсын нийт хүн амын 6 орчим хувь буюу 200 мянга гаруй иргэн гадаадад зургаа ба түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж байгаа гэсэн мэдээлэл бий. Иймд хилийн чанадад амьдарч, ажиллаж, сурч буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, монгол сургууль, монголчуудын холбоодын үйл ажиллагааг дэмжих болон гадаадад оршин сууж буй иргэдийн хилийн чанадаас эх орныхоо хөгжил дэвшилд оруулах хувь нэмэр, боломж зэрэг асуудлуудыг орхигдуулахгүй хөндөж байх нь чухал.

Энэ зорилгын төлөө үйл ажиллагаагаа 10 жил тасралтгүй явуулж буй байгууллага бол “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ. Манай Гадаад харилцааны яам тус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, тэдний санал, санаачилгыг сонсож, хилийн чанадад ажиллаж буй иргэдийн эрх үүрэг, нийгмийн хамгааллын асуудалд анхаарал тавьж ажилладаг. Үүнд Б.Батцэцэг сайдын санал, санаачилга, оролцоо нэлээн харагддаг. Тухайлбал яамны зүгээс “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ыг зохион байгуулахад хамтран ажиллаж, эндээс гарсан иргэдийн санал бодлыг Засгийн газрын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж, хамтран ажиллахад анхаарч ирсэн.

Түүнчлэн цахим засаглалтай холбогдуулан хилийн чанад дах монголчууд төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэн.. Сайдын хувьд Элчин сайдуудад хилийн чанадад суугаа иргэдтэйгээ нягт хамтран ажиллах шаардлага тавьдаг. Хилийн чанадад монгол иргэд олноор оршин сууж байгаа орнуудын Консулын ажилтны тоог нэмэгдүүлэх, гэрээтээр монгол иргэдээ авч ажиллуулах зэрэг ажилд шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байгаа.

Тэрээр саяхан “Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл” НҮТББ-ын төлөөллүүдтэй уулзаж гадаадад ажиллаж, амьдардаг монгол иргэдэд тулгамдаж буй нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх, тэдэнд төрийн үйлчилгээг ойртуулах, Хилийн чанад дахь монгол гэр бүлүүдийн судалгааг хийх, эх орондоо эргэн суурьшихад нь дэмжлэг үзүүлэх Монгол Улсын Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцож, цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ