МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл
2024.09.17
Улстөр

“Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” үндэсний форум боллоо

Жендэрийн үндэсний хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Ховд аймгийн Жендэрийн салбар хороо, Засаг даргын Тамгын газартай хамтран “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” үндэсний форумыг 09-р сарын 16-ны өдөр Ховд аймагт зохион байгууллаа.

Форумд УИХ-ын гишүүд, яам агентлаг, аймаг нийслэл, сум дүүргийн нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, ТББ, ИНБ зэрэг байгууллагын удирдах болон холбогдох албан тушаалтан, ИТХ-ын төлөөлөгчид, баруун бүсийн Завхан, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймаг болон бусад аймгийн салбар, салбарын манлайлагч 500 эмэгтэй төлөөлөл оролцсон.

Форумаар охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулахад чиглэсэн улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн манлайлал, хууль эрх зүйн орчны шинэчлэл, орон нутгийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, улс төрийн манлайллыг дэмжих, чадавхыг нэмэгдүүлэх зэрэг үндсэн 4 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

“Улс төрийн нам хүйсийн тэнцвэрт байдлын мэдээ гаргахын ач холбогдол, үр дүн, үр нөлөө” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл оролцлоо. ХҮН намын хувьд хүйсийн тэгш байдлыг хангахын тулд “ХҮН 50/50” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй.  

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын хувьд сүүлийн 10 орчим жилд улс төрийн болон сонгуулийн кампанит ажлын туршлагаа хуваалцлаа.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцох боломж болон хүйсийн тэгш байдал алдагдсан асуудал маш олон жил яригдаж ирсэн. Үе үеийн парламентын эмэгтэйчүүд, улс төрийн намуудын лидерүүдийн нөлөө цаашлаад олон улсын байгууллагуудын оролцоо, төсөл хөтөлбөр, санхүүжилт зэрэг олон талын оролцоотойгоор өнөөдрийн ахиц дэвшил бий болсон гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгааг УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл яриандаа дурдаж байлаа.

Тэрээр, “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгууль холимог тогтолцоогоор явах болсон. Энэхүү хуулийн өөрчлөлтөд жагсаалтын 48 нэр дэвшигч ч хүйсээрээ сөөлжилж орохоор заасан. Үүний үр дүнд жагсаалтаар 24 эмэгтэй гишүүн сонгогдсон бол тойргоос найман эмэгтэй сонгогдсон. Өөрөөр хэлбэл нийт 126 гишүүний 32 нь эмэгтэй байна. Энэ тоог өмнөх парламенттай харьцуулахад ахиц гэж харж байгаа боловч цаашдаа нэмэх зүйлүүд их байна.

Тухайлбал, пропорцианаль элементийг нэмэгдүүлэх, сонгуулийн тойргийн эрсдэлийг эртнээс тогтоох, сонгуулийн зардлыг бодит түвшинд хүргэж бууруулах, улс төрийн намууд дотроо эмэгтэйчүүдийнхээ чадавх, урам зоригыг нэмэгдүүлэх гээд олон зүйл шаардлагатай. Хэдий эмэгтэйчүүдийн манлайллыг улс төрч, манлайлагч эмэгтэйчүүдээс шалтгаалах юм шиг ойлгож байгаа ч түүний цаана хууль эрх зүйн орчин, хамт олон, гэр бүл, нийгмийн дэмжлэг, сонгогч иргэдийн ойлголт ч нөлөөтэй байдаг” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ