Хүнс, ХАА-н салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалтууд хийлээ
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр манай улсад суугаа зарим орны элчин сайд нар болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа.
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Зафер Атеш болон түүний ажлын албаны гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын нийтлэг ашиг сонирхолд тулгуурлан хүнс, хөдөө аж ахуй, нэн ялангуяа хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар эдийн засаг, худалдааны харилцааг идэвхжүүлэх тухай хэлэлцлээ.
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Зафер Атешийн хамт
Японы Олон Улсын хамтын ажиллагааны агентлаг (ЖАЙКА)-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэ болон түүний өмнөх дарга Танака Шиничи нарыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт “ЖАЙКА”-гийн дэмжлэгээр “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай төсөл” амжилттай хэрэгжсэн байдаг бөгөөд тухайн төслийг дараагийн үе шатанд хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.
(ЖАЙКА)-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэ болон түүний өмнөх дарга Танака Шиничи нарын хамт
Олон Улсын Санхүүгийн корпорац (ОУСК)-ийн төлөөллүүдтэй уулзаж, Монгол Улсын засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа. Уулзалтаар Суурин төлөөлөгч Руфат Алимарданов ОУСК-ийн “Монгол мах” төслийг онцолсон юм. Уг төсөл нь манай улсын мах боловсруулах салбарын стандарт, чанар, худалдааг сайжруулах зорилготой төсөл бөгөөд 2022 оноос эхлэн хэрэгжиж байна. Мөн ОУСК-ийн мэргэжилтнүүдтэй цаашдын Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.
Суурин төлөөлөгч Руфат Алимардановын хамт