Д.Амарбаясгалангийн тэргүүлсэн парламент “Шинэ үеийн парламент 2.0 - Гурван төгөлдөршил”-ийг хэрэгжүүлнэ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намрын чуулганы нээлтээс өмнө орон нутагт ажиллаж, парламентын үйл ажиллагаа болон эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулж байна.
Ингэхдээ иргэдээс санал сэтгэгдэл сонсож, хууль батлах үйл ажиллагааг чиглүүлэхээс гадна Үндсэн хуулийн дагуу бүрдсэн анхны 126 гишүүнтэй парламент хэрхэн ажиллаж, эрх зүйн реформ хийх зорилтоо танилцууллаа.
Манай парламент иргэдийнхээ шаардлагад нийцсэн 21-р зууны үзэл баримтлалтай хууль, эрх зүйн реформ хийнэ
Тэрээр, Баян-Өлгий аймгаас эхлэн Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудад ажиллаж байна. 2024-2028 онд бүрэн эрхээ хэрэгжүүлэх одоогийн парламент УИХ-ын даргын санаачилга болох "ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ"-ийн бодлого болох хууль, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлээд байгаа юм. Энэ хүрээнд хүн төвтэй хуулийн үзэл баримтлалыг бий болгох, хууль илүү тодорхой байх, нийгмийн шаардлагад нийцүүлэн цаг тухай бүрдээ шинэчлэгддэг байх хүрээнд УИХ-ын даргын захирамжаар 54 ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн.
"Энэ удаагийн парламент 1990 оны нийгэм, улс төрийн тогтолцооны хувьсгал шиг 21-р зууны үзэл баримтлалтай хууль, эрх зүйн реформыг хэрэгжүүлнэ гэлээ. Ингэснээр иргэдийн хүсэл шаардлагад нийцсэн хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн хууль тогтоомж үйлчилнэ.
Өнгөрсөн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн 300 гаруй хуульд дүн шинжилгээ хийхэд хүний эрхийн зөрчилтэй 800 орчим зүйл, заалт байгааг судалсан. Үүнийг шинэ парламент засна. Цаашлаад нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй хийдэг байх бодлогыг баримтлан ажиллана." хэмээн онцолж байна.
"Шинэ үеийн парламент" буюу өнгөрсөн 30 жилийн хууль, эрх зүй орчин дахь алдаа, завхарлыг засах, шинэчлэх нэгэн зорилго 126 гишүүнтэй анхны парламентыг даргалж буй гэдгээрээ түүхэнд бичигдэх нь дамжиггүй ээ.