2024.09.25
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Ц.Туваан: Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ
УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр шинэчлэн байгуулагдсан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар УИХ-ын гишүүн Ц.Туваан томилогдон ажиллаад 2 сарын нүүрийг үзлээ. Тэрээр Монгол Улсын нийт экспортын 93 хувийг бүрдүүлдэг, Эрдэс баялгийн салбарт оролцогч бүх талуудын хамтын ажиллагааг бий болгох, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, эрчимжүүлэхээр хамтарсан санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци гурвалсан гэрээ байгуулсан юм.
Түүнчлэн уул, уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт оролцогч талууд аль аль нь харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгох зарчмыг нэвтрүүлэх бодлого баримталж ажиллахаа илэрхийлээд байгаа. Сайдын хувьд Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын үйл ажиллагаатай танилцаж, энэ салбарт хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулан ажиллаж буй хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, тулгамдаж буй асуудлууд болох ажилчдын цалин, нийгмийн хангамж, олборлолт явуулахад үүсэж буй бэрхшээлүүд, орон нутгийн иргэдийн санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэхээр ажиллаж байна.
Саяхан "Петро Чайна Дачин Тамсаг" компани үйл ажиллагаатай танилцсан. Улмаар удирдлага, ажилчид, БНХАУ-ын талаас хөрөнгө оруулагчидтай уулзаж, харилцан ашигтай зарчмаар ажиллаж, компани, ажилчид, орон нутгийн иргэдэд үр ашгийг бий болгоход онцгой анхаарч ажиллахаар санал солилцсон. Мөн салбар яам, агентлагийн түвшинд дэмжлэг үзүүлж ажиллахаар болсон юм. Бас туслан гүйцэтгэгч компаниудын оролцоог тодорхойлж, цэгцлэх хэрэгтэйг онцолсон.
Ц.Туваан сайд бүтээгдэхүүн хуваах гэрээг илүү төгөлдөршүүлэхээр ажлын хэсэг ахлан ажиллаж байгаа бөгөөд ашигт малтмалын ордод хамаарч байгаа хил зааг нь тогтоогдоогүй ордуудын талбайн хил заагийг тогтоох саналыг боловсруулахаар ажиллаж байна.