Замын-Үүд, Эрээний эдийн засгийн Хамтын ажиллагааны бүсийг ирэх онд нээх бэлтгэлийг хангаж байна
2024.09.24
Эдийн засаг, Худалдаа

Замын-Үүд, Эрээний эдийн засгийн Хамтын ажиллагааны бүсийг ирэх онд нээх бэлтгэлийг хангаж байна

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын Улс төрийн зөвлөлийн дарга Цог тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр /2024-09-24/ албан уулзалт хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Бүсчилсэн хөгжил, хилийн боомтуудын бүтээн байгуулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр тусгасан бөгөөд Монгол Улсын Шадар сайдын хувьд миний бие эдгээр асуудлыг хариуцаж ажиллах болсон.

Монгол Улсын Засгийн газраас “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын 2019 оны хэлэлцээрийн хэрэгжилтэд ихээхэн анхаарч байгаа. Учир нь энэ бол Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын хооронд худалдаа эдийн засгийн коридор байгуулах, транзит тээвэр хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, мөн Евро-Азийн орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил орчмын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломж юм.

Иймд Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад анхаарч, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон БНХАУ-ын 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Дулааны станц, Ус цэвэршүүлэх үйлдвэр, цэвэрлэх байгууламж, авто зам, цахилгаан хангамж гэх мэт дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийсэн. Мөн Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажлыг 2025 онд дуусгахаар ажиллаж байна.

Үүний тулд нэн түрүүнд Замын-Үүд, Эрээний эдийн засгийн Хамтын ажиллагааны бүсийн хамтарсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг эцэслэж хэрэгжилтийг хангахад анхаарах шаардлагатай байгаа бөгөөд улмаар Хоёр улсын чөлөөт бүсийг хооронд нь авто замаар холбох, улсын хилийг огтлон гарах цэгийг тогтоож холболтыг авто замыг талууд хамтран барих, мөн Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ирэх ондоо багтаж хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг нээхэд хоёр улсын Засгийн газраас анхаарч ажиллаж байна.

Энэ жил Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсны 30, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрсний 10 жилийн ой тохиож байгаа учраас Хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын ажил богино хугацаанд үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа талууд илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ