Аялал жуулчлал, соёлын салбарт идэвхтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
2024.09.26
Гадаад харилцаа

Аялал жуулчлал, соёлын салбарт идэвхтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ энэ сарын 25-нд Бүгд Найрамдах Албани Улсын Европ, гадаад хэргийн сайд Или Хасанитай уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Албанийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжиж байгааг онцолж, энэ онд тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв. Гадаад харилцааны сайд нар хоёр талын харилцааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх, ялангуяа аялал жуулчлал, соёлын салбарт идэвхтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Түүнчлэн манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцолж, цаашид энэхүү уламжлалаа хадгалахаа талууд нотлов.

Монгол Улс, Бүгд Найрамдах Албани Улсын хооронд 1949 оны тавдугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Албани Улс манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон 3 дахь улс юм.

ШИНЭ МЭДЭЭ