Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Петро Чайна Дачин Тамсаг" компанийн үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажиллалаа
2024.09.26
Орон нутгийн хөгжил

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Петро Чайна Дачин Тамсаг" компанийн үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажиллалаа

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тэргүүтэй, сайдын зөвлөх Г.Өлзийбүрэн, АМГТГ-ын дарга Л.Баярмандал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр, Газрын тосны хэрэгжилтийн бодлого зохицуулалтыг хангах хэлтсийн дарга Ч.Хишигдалай, АМГТГ-ын ТЗУГ-ын дарга Ш.Ганхуяг, АМГТГ-ын ГТБГ-ын дарга Б.Түвшинжаргалын бүрэлдэхүүн бүхий баг Дорнод аймагт газрын тос олборлох үйл ажиллагаа эрхэлж буй "Петро Чайна Дачин Тамсаг" компанийн удирдлага, ажилчидтай уулзаж, тулгамдаж буй асуудлууд болох ажилчдын цалин, нийгмийн хангамж, олборлолт явуулахад үүсэж буй бэрхшээлүүд, орон нутгийн иргэдийн санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэхээр ажиллав.

Уулзалтын эхэнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан 2024 оны сонгуулийн үр дүнд шинэ парламент, шинэ Засгийн газар бүрэлдэж үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг онцлоод, тэр дундаа газрын тосны боловсруулалтад өндөр ач холбогдол өгч буй бөгөөд тус газрын тос олборлох бүтээн байгуулалт, талуудын харилцан ойлголцлыг бий болгохоор бодлогын түвшинд ажиллахаа илэрхийлэв.
Бүтээгдэхүүн хуваах гэрээ, татвар, орон нутгийн холбоод, иргэдийн асуудлууд, ажилчдын цалин хөлс, үйлдвэрчний эвлэлээс тавьж буй олон талт асуудлуудыг шийдвэрлэж, харилцан ойлголцлыг эрчимжүүлэх шаардлагатайг дурдаад, уул, уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт оролцогч талууд аль аль нь харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгох зарчмыг нэвтрүүлэх бодлого баримталж байгаа талаар тэмдэглэв.
БНХАУ-ын талаас хөрөнгө оруулагчидтай уулзаж, харилцан ашигтай зарчмаар ажиллаж, компани, ажилчид, орон нутгийн иргэдэд үр ашгийг бий болгоход онцгой анхаарч ажиллахаар санал солилцов. Мөн газрын тосны 19, 20-р талбайд газар дээр нь ажиллаж олборлолтын хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар чиглэл өгч, салбар яам, агентлагийн түвшинд дэмжлэг үзүүлж ажиллахаар болов.

ШИНЭ МЭДЭЭ