Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Австрали улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Кэйти Смитийг хүлээн авч уулзлаа
2024.09.27
Гадаад харилцаа

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Австрали улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Кэйти Смитийг хүлээн авч уулзлаа

Австрали улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Кэйти Смит, Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар бол стратегийн тэргүүлэх, эдийн засгийн голлох салбар хэмээн уулзалтын эхэнд тэмдэглээд, салбарын сайдаар томилогдон ажиллаж буйд баяр хүргэж амжилт хүсэв. Цааш, 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газар хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн чиглэлээр реформ хэрэгжих боломжийг эрэлхийлэн ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан уулзалтын эхэнд удахгүй болох Уул уурхайн долоо хоног “Mining Week 2024” арга хэмжээнд Австралийн элчин сайдын яам, үндэсний компаниудын хамт оролцохыг урив. Мөн салбарыг удирдаж буйн хувьд олон улсын хэмжээний уул уурхайн томоохон арга хэмжээнүүдэд оролцож туршлага солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Австралийн “IMARK” арга хэмжээнд оролцохоор төлөвлөж буйгаа тэмдэглэв. Энэ үеэр тус улсын уул уурхайн компани, ханган нийлүүлэгчид, эрдэмтэн, судлаачидтай уулзаж туршлага судлах боломж гарна гэдэгт итгэлтэй байна хэмээв.

Түүнчлэн хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар салбарын нэршлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болгон өөрчилсөн нь аж үйлдвэржилт рүү чиглэсэн бодлого баримталж буйг онцлов. Тухайлбал, нэмүү өртөг, ажлын байр бий болгодог боловсруулах салбараа түлхүү хөгжүүлэх зорилготой байгаа бөгөөд олон улсын жишгийн дагуу эрдэс баялгийн салбараа шат дараатайгаар хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаа дурдав.

Тодруулбал, геологи, хайгуулын салбараа эн тэргүүнд тавьж, олборлолт, боловсруулалтын шатанд хүргэхээр ажиллаж буйгаа илэрхийлээд, салбарын хууль эрх зүйн орчныг тогтвортой хадгалах, хариуцлагатай уул уурхайг эрчимжүүлэх бодлого баримтална гэв.

ШИНЭ МЭДЭЭ