Хариуцлага, эв нэгдэл, хамтын хичээл зүтгэл нэхсэн Намрын чуулган нээлтээ хийлээ
2024 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийж буй энэ цаг дор олон намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентыг иргэдийн зүгээс илүү нээлттэй, ил тод байхын зэрэгцээ УИХ-ын гишүүний ажилдаа илүү хариуцлагатай, ажил хэрэгч хандаасай гэсэн хүлээлт нийгэмд хэдийн үүсээд байна.
Учир нь Намрын чуулганаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэг салбараас хамааралтай эдийн засгийн суурийг өргөжүүлэн тэлэх, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах хууль, эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлага бий.
“Манай улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд эерэг өөрчлөлтүүд гарч олон улсын үнэлгээний “Fitch Ratings” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд хүргэж ахиуллаа. Бүс нутгийн улс орнуудтай харьцуулахад Монгол Улсын эдийн засгийн өсөлт илүү байж, бидний хийсэн ажил, хүрсэн үр дүн энэхүү зээлжих зэрэглэлд нөлөөлж, орлогоо төрөлжүүлэх боломжийг нээж өглөө. Улсын Их Хурлын даргын хувиар парламент бүрэн эрхийнхээ хугацаанд “ХҮН ТӨВТЭЙ ХУУЛЬ” буюу хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх; “ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГАД НИЙЦСЭН ХУУЛЬ” буюу нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх; “ИЖ БҮРЭН ЗОХИЦУУЛАЛТТАЙ, ОЙЛГОМЖТОЙ ХУУЛЬ” буюу хуулийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох гэсэн эрх зүйн орчны “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийг санаачлан эхлүүлээд байна” хэмээн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.
Хамтарсан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хууль нь улс орны хөгжлийг шинэ шатанд гаргах, Бүсчилсэн хөгжилд хүргэх их бүтээн байгуулалтын эхлэлийг тавьж, нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээг 10,000 ам.долларт хүргэх дунд хугацааны зорилтыг биелүүлэхэд чиглэгдэж байгаа. Иймд намрын чуулганаар хэлэлцэх Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжууд нь ирэх 4 жилийн хөгжлийн ерөнхий хандлага, эдийн засгийн өсөлтийг тодорхойлох тул Бүсчилсэн хөгжлийн болон Чөлөөт бүсийг хөгжүүлэх бусад мега төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын бодит хүрэх үр дүнг нарийвчлан судалж, ирээдүйд учирч болох эрсдэлийг урьдчилан тооцож ул суурьтай хандах учиртай юм.