МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Мөнхсоёл: ТТБЗ Монгол Улсын төсвийн сахилга батыг сайжруулж чадах уу?
Б.Мөнхсоёл УИХ-ын гишүүн
2024.10.07
Эдийн засаг, Худалдаа

Б.Мөнхсоёл: ТТБЗ Монгол Улсын төсвийн сахилга батыг сайжруулж чадах уу?

Төсвийн сахилга батыг сахиулахад төсвийн дүрмүүд буюу Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт, зөвлөмж чухал үүрэгтэй. Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгээр ТТБЗ мөн Үндэсний Аудитын Газрын үнэлэлт дүгнэлт, зөвлөмж бүхий тайланг хэлэлцдэг байх нь тун чухлыг УИХ-ын гишүүн Б.Мөнсоёл сануулсан юм.

Тэрээр, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл+Үндэсний Аудитын газрын дүгнэлт чухал. ТТБЗ байгуулагдахаас өмнө би ““Төсвийн тогтвортой байдлын зөвлөл Монгол Улсын төсвийн сахилга батыг сайжруулж чадах уу?” гэсэн судалгааг хийж байлаа. Хэрэв эдгээр байгууллагууд үнэхээр бие даасан байдлаар, нөр их ажил болж судалгаа хийсэн нь үнэн л бол тэр тайлангуудыг тусад нь сонсдог, хэлэлцдэг байх хэрэгтэй” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл тухайн судалгааныхаа шалтгаан нөхцөл, үр дүнгийн талаар,

“Монгол Улс бол уул уурхайн салбараас хамгийн их хамааралтай орнуудын нэг. Сангийн яамны болон бусад статистикийн мэдээнээс харахад 2016 онд уул уурхайн салбар тус улсын ДНБ-ий 21 хувь, экспортын 85 хувь, төсвийн орлогын 30 гаруй хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг бүрдүүлжээ. Уул уурхайн салбар Монгол Улсад эдийн засгийн өсөлт, ажлын байр, төсвийн орлого бий болгохын зэрэгцээ бэрхшээл сорилтууд ч авчирчээ. Баялгийн орлого тогтворгүй, савлагаатай байгаа нь өсөлт уналтын мөчлөгийг бий болгож байна.

Популист улс төрийн бодлого нь улс төрчдөд хязгаарлагдмал нөөц баялгийн орлогыг урт хугацааны төсөлд хөрөнгө оруулах, баялгийн санд хуримтлуулахаас илүүтэйгээр шууд хэрэглээнд зарцуулах сонирхол төрүүлж байна. Энэхүү орлогын тогтворгүй байдал, баялгийн шавхагдах нөөцийн асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар хэмжээний орлогыг ирээдүйд хөрөнгө оруулах, хөгжлийн төсөл хөтөлбөрт хэр ихийг зарцуулах, бусад механизмаар дамжуулан хэр их хөрөнгө хуваарилахыг шийдэх урт хугацааны бодлоготой байх шаардлагатай.


Монгол Улс төсөв санхүүгийн олон тооны дүрэм журам гаргах, баялгийн сан байгуулах, баялгийн орлогыг иргэдэд бэлэн мөнгө тараах хэлбэрээр хуваарилах зэргээр баялгийн орлогыг удирдах цөөнгүй бодлого боловсруулсан. Бодит байдал дээр эдгээр арга хэрэгслийн үр нөлөө муу байна. Монгол Улс орлогын удирдлагын бодлогынхоо үндэс болгож Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 онд баталсан бөгөөд үүндээ өрийн болон төсвийн алдагдал, төсвийн зарлагын дээд хязгаарыг тогтоосон олон тооны дүрэм оруулсан байдаг.

Өнгөрсөн 12 дугаар сард Монгол Улсын Их Хурлаас Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ) байгуулах тогтоол гаргаж дүрмийг нь баталсан. Ийнхүү ТТБЗ байгуулсан нь хяналтыг сайжруулах чухал алхам болсон хэдий ч үйл ажиллагааны дүрмийг нь Олон улсын стандарттай харьцуулж үзвэл чиг үүрэг, ил тод байдал болон хараат бус байдлыг хамгаалах чиглэлд хэд хэдэн учир дутагдалтай тал байгаа нь харагдаж байна. Иймд ТТБЗ-ийн бүтэц, зохион байгуулалт, хэрэгжилтэд анхаарвал зохих гол асуудлуудын хүрээнд энэхүү зөвлөмжийг гаргаад байна.” гэжээ. 

ШИНЭ МЭДЭЭ