Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцан, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2024.10.03/ анхны хуралдаанаа хийлээ.
Хуралдаанаар Ажлын хэсгийн гишүүд ерөнхий мэдээлэл авах зорилгоор залуучуудын асуудлаарх Үндэсний статистикийн хорооны тайлан мэдээлэлтэй танилцаж, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үр дагаврын үнэлгээ болон залуучуудад тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар холбогдох төрийн болон төрийн бус байгуулага, судлаачдын мэдээллийг сонсов. Мөн ажлын хэсэг цаашид ажиллах чиглэлээ хэлэлцэж, тогтов.
Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Н.Алтаншагай, Н.Батсүмбэрэл, Э.Батшугар, Э.Болормаа, Ш.Бямбасүрэн, Г.Лувсанжамц, М.Сарнай, С.Цэнгүүн, Ө.Шижир нар ажиллаж байна