О.Саранчулуун УИХ-ын гишүүн
2024.10.17
Боловсрол
О.Саранчулуун: “Хөдөөний хүүхдүүд” гэж ялгаварласан мэдрэмж өгсөндөө үнэхээр уучлал хүсэж байна
УИХ-ын О.Саранчулуун хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах асуудалд онцгойлон анхаарч буй. Тиймдээ ч орон нутагт шинээр баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн байгууламжуудыг цогцоор нь шийдэх хэрэгтэй гэдэг санааг дэвшүүлж байгаа. Гэвч тэрээр нэгэн ярилцлагын үеэр "Хөдөөгийн хүүхдүүд ариун цэврийн өрөөг зохистой хэрэглэх дадал сул байдаг" гэсэн үг хэлсэн нь ялгаварласан аястай байна хэмээн нийгмийн цахим сүлжээнд шүүмжлэлд өртөөд байна. Харин УИХ-ын О.Сарангэрэл энэ талаар тодруулга өгч, уучлал хүслээ.
О.Саранчулуун "Өчигдөр миний хэлэх гэсэн санаа бол хүүхдийн сурч боловсрох эрхийн тухай асуудлыг хөндөх гэсэн хэрэг байсан юм. Тодруулж хэлбэл, сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн өрөөг шинэчилж байгаа юм байна. Хэрэв шинэчилж байгаа бол савантай нь, ариун цэврийн цаастай нь, эрүүл аюулгүй орчинг нэг мөр шийдээсэй гэсэн санал хэлэх гэсэн юм.
Ариун цэврийн байгууламж хаана бага байна вэ гэвэл орон нутагт. Хэрэв та бүхэн Есдүгээр сард их, дээд сургуулиудын ариун цэврийн өрөөг анзаарсан бол их бохир байдаг. Энэ нь түүнтэй ч холбоотой байж болох юм. Дадал зуршилтай холбоотой гэсэн үг.
Гэхдээ би үгийн алдаа гаргаад “Хөдөө орон нутгийн оюутнууд ариун цэврийн өрөөг бохир хэрэглэдэг” гэж хэлснээрээ орон нутгийн оюутнуудыг онцгүйгээр хэлж, ялгаварласан мэдрэмж өгсөн байна. Тиймээс энэ мэдээллийг уншаад эмзэгээр хүлээж авсан бүх оюутнуудаасаа уучлал хүсэж байна. Хөдөөнийхөн гэж ялгасандаа үнэхээр уучлал гуйя.
Уг нь бид хүүхдийн орчин ярьж байгаа шүү дээ. Үүнээс том асуудал баймгүй. Хүний эрхийн конвенцэд хүүхэд эрүүл, аюулгүй орчинд сурах, өсөх ёстой гэсэн заалттай. Тиймээс ариун цэврийн өрөө бол анги танхимын нэг адил суралцах орчин мөнөөс мөн. Би энэ тухай хөндсөн боловч “Хөдөөний хүүхдүүд” гэдэг үгийг хүмүүс их анхаарсан байна билээ. Би өөрийн цахим хуудсаар дамжуулан энэ талаар хэлж мөн уучлал гуйсан” гэлээ.