Монголын эмч нар VII Их хурлаар салбарт тулгамдсан асуудлыг дүгнэн хэлэлцэж, санал бодлоо нэгтгэв
2024.10.21
Эрүүл мэнд

Монголын эмч нар VII Их хурлаар салбарт тулгамдсан асуудлыг дүгнэн хэлэлцэж, санал бодлоо нэгтгэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Монголын эмч нарын VII Их хурлын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их хурлыг нээж хэлсэн үгэндээ, цартахлын үед амь биеэ үл хайрлан, цаг наргүй ажиллаж, олон мянган хүний амь насыг аварч, онцгой гавьяа байгуулсан эмч, эмнэлгийн салбарын нийт хамт олон, гэр бүлд нь төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Сүүлийн жилүүдэд шинэ технологи, инновац, хиймэл оюун ухаанд суурилсан эмнэлгийн тусламж, үйлчилгээ нэвтэрч, ард иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, оношилгоо хийлгэх боломж нэмэгдэн, зүрх судас, мэдрэл, гэмтэл, хавдар, хүүхдийн нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээгээр олон улсын түвшинд хүрч байгааг тэмдэглэлээ. Цаашид энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр анхаарах зүйл байгааг ч хэллээ.

Тухайлбал, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоог улам бэхжүүлэх, олон улсын жишигт хүрсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэж, гадагшаа чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээний урсгалыг бууруулах, улс орноо чадварлаг эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнээр бүрэн хангаж, эдийн засгийн зөв хөшүүргээр орон нутаг, сумдад тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл, боломж бүрдүүлэх, эмийн үнэ, чанар, аюулгүй байдалд онцгой анхаарах, олон улсын стандарт хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг импортлохын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэдэг болох, иргэдэд эмийн зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэн, эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлэх замаар өвчин эмгэг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйл, учир шалтгааныг таслан зогсоох зэрэг чиглэлээр улам эрчимтэй, идэвх, санаачилгатай ажиллах нь зүйтэй гэж үздэгээ илэрхийллээ.

Мөн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др. Сокорро Эскалантэ, УИХ-ын гишүүн Д.Ганмаа нар мэндчилгээ дэвшүүлж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн салбарын бодлого, шинэчлэл” сэдвээр илтгэл тавилаа.

Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого, нийгмийн баталгаа, сургалт инноваци сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн дүгнэлт, зөвлөмж гаргалаа.

Энэ удаагийн VII Их хуралд Аймаг, нийслэлийн болон бусад салбарын харьяа эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн нийт 900 гаруй эмч, зочид, төлөөлөгч, Ардын болон Гавьяат эмч нар оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ