МАН: Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилд 431 сая ам.долларын нэмэлт санхүүжилт татна
2024.10.22
Улстөр

МАН: Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилд 431 сая ам.долларын нэмэлт санхүүжилт татна

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцын талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны мэдээллийг сонссон байна.

Ц.Туваан сайд “Бүлгийн өнөөдрийн хуралдаанд Газрын тос боловсруулах үйлдвэр, тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалт, ажилчдын хотхоны барилгын ажлын явц гэсэн гурван багц мэдээллээр танилцуулга хийлээ. Монгол, Энэтхэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд өндөр технологийн хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалт болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2019 оноос эхлүүлсэн. Тус бүтээн байгуулалтыг 1.2 тэрбум ам.долларын зээлээр гүйцэтгэж буй. Энэхүү бүтээн байгуулалтыг инженеринг, худалдан авалт, барьж байгуулах буюу EPC 01, EPC 02, EPC 03, EPC 04 гэсэн багцад ажлуудаа хуваасан.

Одоогийн байдлаар EPC 01 багцын ажил дуусаж, Улсын комисс хүлээж авах шатандаа яваа. EPC 02, EPC 03 багцын ажил хэрэгжилтийн шатандаа явж байна. EPC 04 багцын ажлыг үргэлжлүүлэхэд 431 сая ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай болоод байна. Тиймээс уг нэмэлт санхүүжилтийн хүрээнд Энэтхэгийн "Экзим" банктай гэрээ байгуулах ба УИХ-аар батлуулах юм" гэлээ.

Салбарын сайд энэ үеэр хэлэхдээ уг үйлдвэрийг 2027 оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэв.

ШИНЭ МЭДЭЭ