МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Э.Батшугар: Зээлийн хүү 30 хувиар буурах боломжтой
2024.10.22
Эдийн засаг, Худалдаа

Э.Батшугар: Зээлийн хүү 30 хувиар буурах боломжтой

УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцлаа.


-УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны төсөв, хөгжлийн төлөвлөгөө зэрэг чухал асуудлууд хэлэлцэж байна. Ирэх онд 35 гаруй их наяд төгрөгийн орлого олох төсөөлөлтэй байна. Хамгийн гол нь Монгол Улс ийм хэмжээний орлого олох тээвэр ложистикийн болон боомтын боймоо тайлж чадсан гэж та харж байна уу?

-Монгол Улс ирэх онд 78 сая тонн нүүрс экспортолно гэсэн төсөөлөлтэй байна. Төсөөлсөн хэмжээндээ хүрэх бүрэн бололцоотой гэж харж байна. Учир нь БНХАУ  сүүлийн 2-3 долоо хоногт эдийн засгаа тогтворжуулах болон үл хөдлөхийн салбараа дэмжих том том хөтөлбөрүүд зарласан. Үүний үр дүнд ган хайлуулах үйлдвэр, дэд бүтцийн төслүүд рүүгээ ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт оруулахаар байна. Энэхүү эдийн засгийн идэвхжил нь Монгол Улсын нүүрсний эрэлтийг нэмэгдүүлнэ гэж ойлгож болно. Тухайлбал, нэг тонн ган хайлуулахад дунджаар 770 кг коксжсон нүүрс хэрэгтэй байдаг.  Түүнчлэн тус улс ипотекийн зээлийн хүүг бууруулж 343 тэрбум долларыг тус салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд зарцуулахаа мэдэгдсэн.

Мөн анх удаа байр худалдан авч байгаа иргэдийн урьдчилгаа төлбөр 20 хувь байсныг 15 хувь болгож бууруулсан. Үл хөдлөхийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад 109 тэрбум долларын нэмэлт санхүүжилт нь олгох, нэмээд орон нутгийн удирдлагууддаа нийт 325 тэрбум долларын бонд шинээр босгож, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх зөвшөөрөл олгосон.

Цаашдаа ч Хятадын Сангийн яам болон Ардын банкнаас 2024 онд нийт эдийн засгаа таван хувьд барих тийм даалгавар өгсөн. Тус даалгаврыг гүйцэтгэхийн тулд дэд бүтэц, үл хөдлөхийн салбартаа тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө  зарцуулах нь ойлгомжтой болж байна. Тиймээс Монгол Улсаас нэгдүгээрт нүүрс, хоёрдугаарт зэс авах хэрэгцээ шаардлага хөрш улсад байсаар байх нь.

Дэлхий дахинд зэсийн эрэлт хэрэгцээ буурахгүй байгаатай холбоотой зэсийн үнэ тогтмол өсөх таамаглалтай байна. Учир нь ойрын хугацаанд Оюутолгойгоос өөр ямар нэгэн шинэ эх үүсвэр, ашиглалтад орж байгаа том уурхай алга.

Гэтэл зэсийн хэрэгцээ өссөөр л байна. Хятад улсад хоёр өрөө орон сууц ашиглалтад оруулахад дунджаар 60 кг зэс ашиглаж байна. Түүнчлэн дэлхий дахинд цахилгаан машины хэрэглээ, үйлдвэрлэл тогтмол нэмэгдэж байна. Одоогоор 12 хувьтай байгаа үйлдвэрлэлийн хэмжээ ойрын хугацаанд 40 хувьд хүрнэ гэсэн таамаглал бий. Энгийн хөдөлгүүртэй машинтай харьцуулахад цахилгаан машин үйлдвэрлэхэд 3 дахин илүү зэс ашигладаг. Гуравдугаарт, дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлж байна. Нар, салхинаас эрчим хүч гаргаж авахын тулд уламжлалт буюу нүүрсний эрчим хүчнээс 3-4 дахин илүү зэс ашигладаг. Энэ бүх тооцооллыг харахад зэсийн хэрэглээ бол өндөр байх нь ойлгомжтой байна.

-Нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдсэн ч үнэ нь буурч байгаа талаар таагүй мэдээ байна. Ийм үед энэ оны төлөвлөгөөгөө биелүүлээд дараа онд 80 орчим сая тонн нүүрс экспортлох тооцоолол гаргасан нь хэт өөдрөг төсөөлөл юм биш үү?

-Монгол Улс 2024 онд 70 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс одоогийн байдлаар 60 сая тонн нүүрс экспортолсон байна. Хэдийгээр үнийн хувьд бага зэргийн савалгаатай байгаа боловч зөрүүг нь биет хэмжээгээ нэмэгдүүлээд олчихно гэж төсөөлж байна. Дээр хэлсэнчлэн БНХАУ-ын нүүрсний хэрэглээ энэ оны сүүл болон ирэх онд огцом нэмэгдэнэ гэдэг нь тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа олон бодлогоос харагдаж байна. Монгол Улсын хувьд ирэх жил нүүрс, зэсээр гадаад орлогоо бүрдүүлэх дүр зураг ажиглагдаж байна. Мөн эдийн засаг идэвхэжсэнтэй холбоотойгоор татварын орлого нэмэгдэхээр харагдаж байна. Тухайлбал, орлогын албан татвар 1-2 их наядаар нэмэгдэх төсөөлөл гарсан. Энэ оны төгсгөлд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 79 их наядад хүрэх таамгалал байгаа бол ирэх онд 95 их наяд хүрнэ гэсэн таамаглал бий.Гэхдээ экспортын хувь хэмжээ нэмэгдэж байгаа нь эргээд импортын хувь хэмжээг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцэл дээр тодорхой хэмжээний дарамт ирэх эрсдэл байна.

-Үйлдвэрлэгч биш хэрэглэгч орны хувьд төсвийн тэлэлтийг дагаад төлбөрийн тэнцэл дээрээ алдагдал хүлээх эрсдэл бий. Одоо ч төлбөрйн тэнцэл алдагдалтай гарсан. Тэгвэл гадаадаас орж ирэх валютын хувь хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Хамгийн сүүлийн мэдээллээр Монгол Улсын төлбөрийн тэнцэл нийтдээ 180 сая ам.долларын алдагдалтай гарсан. Энэ алдагдлаа энэ онд болоод ирэх ондоо нөхөх нь хамгийн чухал асуудлуудын нэг.  Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, гадны хөрөнгө оруулалт татахын тулд хууль эрхзүйн орчиндоо өөрчлөлт хийх, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний газрыг шинээр байгуулж, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахад анхаарч ажиллавал Монгол Улсын  төлбөрийн тэнцэл эерэг гарах бүрэн бололцоотой.

Монгол Улс түнш орнуудтайгаа стратегийн худалдааны гэрээ хэлцэл хийх ажлууд ид явагдаж байна. Эдгээр гэрээ хэлцэлүүд амжилттай болвол Монгол Улсын экспорт, эдийн засгаа илүү солонгоруулах, ялангуяа хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнээ татваргүй улс орнуудад худалдан, борлуулах, тэндээсээ орлого олох боломжтой болно. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих, хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. Энэ жилийн эхний есөн сарын байдлаар 700 мянган жуулчин ирж, дунджаар 1,5 тэрбум доллар Монгол Улсад оруулсан байна. Энэ тооцооллоос харахад нэг жуулчин дунджаар 2200  орчим доллар зарцуулдаг гэдгийг харж болохоор байна.

Төлбөрийн тэнцэл дээр эерэг тохируулга авчрах дараагийн салбар бол нүүрс тээврийн салбар байна.Өнөөдрийн байдлаар нүүрс тээврийн нийт компаниудын 60 хувь гадаадын компани байна.Энэ утгаараа 400- 500 сая доллар шууд гадагшаа урсаж байна.

Тиймээс аль болохоор дотоодын компаниудаараа нүүрсний тээврээ хийлгэх нь богино хугацаандаа зөв шийдэл гэж харж байна. Дунд болон урт хугацаандаа төмөр замын холболтоо бүрэн дүүрэн хийж дуусгах нь нэн чухал. Энэ ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан.  Тиймээс тун удахгүй талууд харилцан тохиролцож, хамтарч ажиллах асуудлууд Засгийн газар, УИХ-аар ороод батлагдаад явна гэдэгт бүрэн итгэлтэй байна

–Сүүлийн өдрүүдэд долларын ханш чангарч, төгрөгийн ханш суларч байна. Үүнийг зарим судлаачид сар гаруй хугацааны өмнө 2024 оны төсөвт оруулсан 3 их наяд төгрөгийн тодотгол болон ирэх 2025 оны төсвийн тэлэлттэй холбон тайлбарлаж байгаа нь хэр бодитой шүүмжлэл вэ?

-Монгол Улсын импорт 26,2 хувиар өссөн бол, экспорт 6.2 хувиар өссөн байна. Эндээс юу харагдаж байна гэхээр төсвийн тэлэлттэй холбоотой гэхээс илүүтэй эдийн засгийн идэвхжилт өндөр байгаагаас үүдэн бараа бүтээгдэхүүний импорт нэмэгдсэн. Импортын бараа бүтээгдэхүүн дотор нефтийн импорт огцом нэмэгдсэн дүр зураг ажиглагдаж байна. Иргэд өдөр тутмын хэрэглээндээ нефтийн импортын бүтээгдэхүүний 30 хувьд ашигладаг бол үлдсэн  70 хувийг нь уул уурхайн салбар хэрэглэдэг.

Тус салбарт нүүрс олборлолтын хувь хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор дизель түлш болон бусад нефть бүтээгдэхүүний импорт огцом нэмэгдсэн. Хоёрдугаарт, боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн импорт нэмэгдсэн. Энэ төрлийн импорт нь ойрын хугацаанд  төлбөрийн тэнцэлд дарамт үзүүлж болох ч  ирээдүйд импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, дотооддоо бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоог нээж өгч байгаа болохоор дунд хугацаандаа эдийн засагт эерэг нөлөө авчирна гэдэгт итгэлтэй байна. Гуравдугаарт, ирэх жилийн төсвийн бодлогод бүх салбарын боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн импортын татварыг тэглэсэн. Энэ нь эдийн засгийн хувьд эерэг тохируулга суурь нөхцөлийг сайжруулах, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх шийдэл гэж харж байна.  Тиймээс 2025 оны сүүл, 2026 онд эдийн засагт олон эерэг тохируулга авчирна гэж харж байна.

-Жижиг дунд, бичил энэ бизнес эрхлэгчдийг дэмжиж, бизнесийн орчныг сайжруулах амлалт улстөрчид өгдөг. Гэсэн хэдий ч аж ахуй нэгжүүд татварын дарамт өндөр байгаа талаар дандаа шүүмжилдэг. Ирэх онд орлогын албан татварын орлогыг 2 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон нь хувийн хэвшлүүдэд татварын дарамт их ирнэ гэж тооцож болох уу?

-Монгол Улсад хэрэгжиж байгаа татварын бодлого болоод татварын суурь орлогыг харвал бас нэг сонин зүйл харагддаг л даа. Нийт татварын орлогын бараг 90 орчим хувийг нь нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн ердөө гуравхан хувь нь бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Оюутолгой" компани, "Эрдэнэт" үйлдвэр гэх мэт … Харин нийт бүртгэлтэй компанийн 97 хувийг нь эзэлдэг жижиг, дунд бизнес эрхлэгчдээ мартаж болохгүй. Ажиллах хүчний болон ажлын байрны дийлэнх хувийг жижиг дунд аж ахуй нэгжүүд бүрдүүлж байна. Тиймээс одоо тодорхой хэмжээний татварын шатласан бодлого баримтлах нь зүйтэй. Тухайлбал, иргэн, аж ахуйн нэгжүүд ч аль нь ч олж байгаа орлогоосоо хамаарч татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагддаг байх нь зөв. Тухайлбал, АНУ татварын шатласан бодлогыг иргэн, аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулснаар эдийн засагтаа эерэг өсөлт авчирч чадсан.

-Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг бууруулж 10 хувь болгосон. Тэгвэл ирэх оны төсөв өндөр тэлэлттэй байхад Засгийн газрын бодлогыг дагаж бодлогын хүүгээ сулрууллаа гэх шүүмжлэл өрнөж байна.  Төсөв тэлж байгаа энэ үед мөнгөний бодлогыг сулруулах нь хэр зөв зохистой шийдэл гэж та харч байна вэ?

-Монголбанк бодлогын шийдвэр гаргахдаа хараат бусаар буюу Мөнгөний бодлогын зөвлөл нь хуралдаад санал хураалтаар шийдвэр гаргадаг. Өнөөдрийн байдлаар инфляци 6,7 хувьд хүрч буурсан. Тиймээс Монголбанкнаас мөнгөний бодлогоо тодорхой хэмжээгээр бууруулах орон зай гарсан гэж үзсэн байх. Мөнгөний бодлогын сувгаар дамжуулж зээлийн хүүг бууруулах,  дээр нь төв банкны үнэт цаас болоод нэг ёсондоо царцчихсан байгаа 9 их наяд төгрөгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бодлого гэж ойлгож болно.

Эдийн засаг идэвхжиж байгаа нэг эерэг зүйл харагдсан нь Монгол Улсын нийт зээлийн 10 хувь нь чанаргүй зээлийн ангилалд багтаж байсан бол 5,8 хувь болж буурсан байна. Энэ бол Монголбанкинд мөнгөний бодлогын хэрэгслүүдээ илүү тэлэх бололцоог нээж өгч байна гэж ойлгож болох юм.

Цаашид Монгол Улсад активын удирдлагын компанийг шинээр бий болгосноор зээлийн хүү 20 орчим хувиар буурах боломж нээгдэнэ.  Өнөөдрийн жигнэсэн дундаж хүү ойролцоо 15-18 хувь байна. Энэ хувь хэмжээг 12-13 хувь хүрэх бололцоо бий болчихсон. Миний бие зээлдэгчийг оноожуулах системийг шинээр бий болгохоор хуулийн төсөл боловсруулсан, удахгүй өргөн барина. Монголбанк дээр Актив удирдлагын компани үйл ажиллагаа явуулж эхлээд дээрээс нь нэмээд миний яриад байгаа зээлжих зэрэглэлийн онооны системийг нэвтрүүлснээр Монголын Улсын зээлийн хүү 30 хувиар буурах бололцоотой гэж харж байна.

Нэмж хэлэхэд Монголбанк мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ хэд хэдэн шинэ зүйл оруулж өгсөн. Нэгдүгээрт, "хүүгийн мөр"-ийг бий болгох гэж зорьж байгаа юм байна лээ. Энэ нь санхүүгийн зах зээлд эерэг мессеж авчрах хэрэгсэл гэж ойлгож болно. Хүүгийн мөр бол суурь хүүг Монгол Улсын санхүүгийн зах зээлд бий болгодог. "Суурь хүү"-н дээр үндэслээд бусад аж ахуйн нэгжүүд бонд босгох,  нийслэл, Засгийн газар бонд босгоход нь суурь санхүүгийн тооцооны томьёоллын өгөгдөл болдог. Түүнчлэг жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих тодорхой хэмжээний бодлогын арга хэмжээ авч байна. Өнөөдөр жижиг дунд бизнес эрхлэгч нар банкнаас эргэлтийн хөрөнгийн зээл авъя гэвэл заавал барьцаа хөрөнгө шаарддаг. Тэгвэл ирээдүйд олох орлогоо барьцаалж  бас зээл олгох шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг зорьж байгаа нь миний  яриад байгаа зээлжих онооны системтэй шууд холбоотой гэж харж байна. Санхүүгийн сахилга баттай иргэд болон аж ахуй нэгжүүдэд банк заавал барьцаа хөрөнгө шаардахгүйгээр бага хүүтэй урт хугацааны зээл олгох суурь нөхцөл нь үүснэ.

-Эдийн засгийн өсөлтийг өрх гэрийн үүд хаалгаар оруулах нэрийдлээр цалингийн болон тэтгэврийн зардлыг нэмэгдүүлж байгаа харагдах юм. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Монгол Улсын төсвийн зардал 2022 онд 35 хувиар, 2023 онд 36 хувиар нэмэгдсэн бол 2024 онд ойролцоогоо 30 хувиар нэмэгдсэн байна. Гэтэл иргэд, өрхийн дундаж орлого 2022 онд дөнгөж 1 хувиар, 2023 онд 7,1 хувиар нэмэгдсэн бол 2024 онд бол 19 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь төрийн албан хаагчийн цалин болон ахмад настаны тэтгэврийг нэмсэнтэй шууд холбоотой. Эдийн засгийн өсөлтийг өрх гэрийн үүд хаалгаар хэрхэн оруулах вэ гэдэг нэг ёсны томоохон сорилт болж байна. Урт хугацаандаа эдийн засаг өөрөө өөртөө тохируулга хийгээд явчих боловч богино хугацаандаа хүчээр зохицуулалт хийхээс өөр аргагүй байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн бодлогын арга хэмжээний хувьд зөв. Бид цаг үетэйгээ нийцэж явах нь зүйтэй. Дотоодын нийт бүтээгдэхүүнээ 95 их наяд төгрөг болгохыг зорьж байгаа учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ч нэмэгдүүлэх нь зөв.

Тэлэлттэй төсөв гэсэн шүүмжлэл хүлээж байгаа 35 их наяд төгрөгийн төсвийн дийлэнх  нь ахмадуудын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг инфляцитай уялдуулж нэмэгдүүлэх шийдвэртэй холбоотой.

-Жил бүр төсөв тэлээд байх нь эдийн засгийн хувьд эерэг үзүүлэлт илүү их дагуулдаг уу эсвэл ямар нэгэн байдлаар доголдол гарвал үүсэх эрсдэл, эдийн засгийн аюулгүй байдал талаасаа сөрөг үр дагавартай байдаг юм уу?

-Төсвийн тэлэлт  болон дотоодын нийт бүтээгдэхүүн хоёрын өсөлтийг харах ёстой. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ эрчимтэй өсч байна. Тийм учраас төсөв тодорхой хэмжээгээр өсөх нь тийм ч буруу зүйл биш. Хоёрдугаарт, төсвийн зарцуулалтаа харах ёстой.  Үргүй зарцуулалт их байна уу эсвэл ирээдүйн эдийн засагт эерэг нөлөө авчрах зарцуулалт байна уу гэдгийг ялгаж, салгаж харах нь зөв. Ирэх оны төсвөөс 10 их наяд нь цэвэр хөрөнгө оруулалтын зардал байгаа бол бусад нь түлхүү урсгал зардалтай холбоотой байна. Боловсролын салбар луу оруулж байгаа хөрөнгө оруулалт ирээдүйн эдийн засагт хамгийн их эерэг нөлөө авчирдаг. Үүнийг олон улсын шинжээчид болон эдийн засагч нар баталахаас гадна олон улс орнуудын сайн жишгээс тодорхой харагддаг. Тиймээс боловсролын салбарт зарцуулж байгаа зардалдаа хэзээ ч эргэлзэж болохгүй.

Боловсролын салбараа хөгжүүлэхэд гар татаж болохгүй. Монгол Улсын хөрөнгийн зардалд зарцуулагдах 10 их наяд төгрөгийн хувьд бүсчилсэн замын хөрөнгө оруулалтад зарцуулагдахаар байна.

Зам бол  эдийн засгийг эргэлтэд оруулдаг. Ирэх онд 2200 орчим км зам эхлүүлэхээр тооцсон нь Мянганы замын 2.0 хувилбар гэж хэлж болохоор байна. Бүх аймгийн төвүүдийг засмал замтай холбосон бол одоо бүсчилсэн тойрог замуудыг барьж байгуулахыг зорьж байна.  Мөн төмөр замын холболт болон эрчим хүчний сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдтэй холбоотой төсөв батлагдаад явж байна.

Үндэсний аюулгүй байдал болон бусад улс орнуудаас хараат бус байдлыг илүү бэхжүүлэхийн хувьд эрчим хүчээ дотооддоо 100 хувь үйлдвэрлэдэг болох ёстой.

Энэ чиглэлийн томоохон төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлээд явах нь зөв.

ШИНЭ МЭДЭЭ