Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслийг эхлүүлэх шийдвэр баталгаажлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Шанхай хотноо БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны уулзалтыг хийж, хамтын ажиллагааны 8 баримт бичигт гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болголоо.Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, олон чухал тохиролцоонд хүрлээ.
Талууд өнгөрсөн сард Исламабад хотод Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын анхны уулзалт амжилттай болсныг онцлоод цаашид Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд санал нэгдлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлалын хүрээнд олон жил гацаанд байсан томоохон төслүүдийг эрчимжүүлэх, тэр дундаа “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг эхлүүлэх шийдвэрийг баталгаажууллаа.