ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ЗАРИМ ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2024.11.14
Эрүүл мэнд

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ЗАРИМ ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2024 оны 4 дүгээр хуралдаан /2024.11.12/ боллоо. Тус зөвлөлийн хурлыг Эрүүл мэндийн сайд, ШУТЗ-ийн дарга, Анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан удирдаж, коронавируст халдвартай холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны зарим төслүүдийн гүйцэтгэл, хэрэгжилтийн үр дүн, тайланг хэлэлцлээ.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цартахлын үед ХӨСҮТ, АШУҮИС, НЭМҮТ, ЭХЭМҮТ, ЗӨСҮТ зэрэг байгууллагын эрдэмтэн, судлаачдын багууд ЭМЯ-ны захиалгаар, улсын төсвийн болон Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр коронавируст халдвартай холбоотой олон тооны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.

ШУТЗ-ийн энэ удаагийн хурлаар Анагаах ухааны доктор, профессор Ц.Билэгтсайханы удирдан хэрэгжүүлсэн “КОВИД-19-ийн халдвар болон вакцинжуулалтын дараах дархлаа тогтцын үнэлгээ”, “(КОВИД-19) вакцины дархлаа сэргээх нэмэлт тунгийн дараах дархлааны хариу урвал болон урвал хүндрэлийг судлах нь” сэдэвт судалгааны төслүүд, Анагаах ухааны доктор, дэд профессор Ч.Баттогтохын удирдан хэрэгжүүлсэн "Монгол улсад SARS-CoV-2-ийн голомтолсон халдварын геномын судалгаа” сэдэвт судалгааны төсөл, Анагаах ухааны доктор Г.Цогзолмаагийн удирдан хэрэгжүүлсэн “(КОВИД-19) вакцинжуулалт болон халдварын дараах SARS-CoV-2 вирусийг саармагжуулах идэвхийн судалгаа” сэдэвт судалгааны төсөл, Анагаах ухааны магистр Ж.Байгалмаагийн удирдан хэрэгжүүлсэн “Монгол улсад (КОВИД-19) халдварыг үүсгэж буй SARS-CoV-2 вирусийн геномын хувилбарын тандалтын судалгаа” сэдэвт судалгааны төслийг тус тус хэлэлцлээ.

ШУТЗ-ийн хуралд дээрх төслийн багууд төслийн хэрэгжилт, үр дүнгээ дэлгэрэнгүй танилцуулснаас гадна Биологийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Оюунбилэг, Мал эмнэлгийн ухааны доктор, профессор Б.Болдбаатар, Анагаах ухааны доктор, профессор Д.Нямбаяр, Анагаах ухааны доктор, дэд профессор Т.Хонгорзул нар эдгээр судалгааны төслүүд дээр шинжээчээр ажиллаж, гаргасан дүгнэлтээ уншиж танилцууллаа.

ШИНЭ МЭДЭЭ