УИХ-ын гишүүн Р.Сэддорж “Үндэсний өгөгдлийн чуулган”-д оролцлоо
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Монгол Улсад орчин цагийн статистикийн алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн үйл ажиллагаанд оролцлоо.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж хэлэхдээ,
"Улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжилтийг үнэлж, дүгнэхэд статистикийн тоон мэдээлэл чухал ач холбогдолтой билээ. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Монгол Улсад статистикийн алба, тогтолцоо бүрэлдэн хөгжиж, өнөөдөр Үндэсний статистикийн хороо болон Монгол Улсын статистикийн тогтолцоонд оролцогч байгууллагууд статистикийн шинжлэх ухааны аргачлалд нийцсэн, олон улсад харьцуулагдахуйц тоо мэдээллээр төр, хувийн хэвшил, иргэдэд үйлчлэх ажлаа нэр төртэйгээр гүйцэтгэж байна. Сүүлийн 30-аад жилийн хугацаанд статистикийн системийг НҮБ, түүний системийн байгууллагууд, Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банк зэрэг байгууллагуудаас гаргасан зөвлөмжид тулгуурлан олон улсын стандартад нийцүүлэх нүр их ажлыг Үндэсний статистикийн хороо манлайлж ажилласны үр дүнд өнөөдөр Монгол Улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, чанараар дэлхийд үнэлэгдэж байна. Нэн тулгамдсан асуудал болох усны нөөцийг тогтвортой, урт хугацаанд ашиглах, менежментийг сайжруулахад чиглэсэн статистик тоон мэдээллийг сайжруулахад Үндэсний статистикийн хороо болон холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Мэдээллийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа өнөө үед Үндэсний Статистикийн Хороо нь уламжлалт статистик мэдээллээс гадна статистикийн байгууллагыг өгөгдлийн шинжлэх ухааны чиг баримжаатай хөгжүүлэх зорилт тавин “Төрийн нэгдсэн мэдээллийн сангийн хөгжүүлэлт, удирдлага” төслийг хэрэгжүүлж байна. Шинэ системүүдийг бий болгосноор их хэмжээний өгөгдлийг хадгалах, боловсруулах, дүн шинжилгээ хийх боломж бүрдэж, төрийн шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Үндэсний статистикийн хорооноос мэдээллийн нууцлал, аюулгүй байдалд анхаарч, Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны (ISO 27001:2022) олон улсын стандарт нэвтрүүлж байгаад талархал илэрхийлье. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны зүгээс статистикийн байгууллагын үйл ажиллагаа, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд анхаарч ажиллах болно" гэв.