МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

А.Ганбаатар: Гишүүд өөрсдөө үлгэрлэгч байж, санал бодлоо идэвхтэй илэрхийлэх ёстой
2024.11.14
Улстөр

А.Ганбаатар: Гишүүд өөрсдөө үлгэрлэгч байж, санал бодлоо идэвхтэй илэрхийлэх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2024.11.14) нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Уг тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ганбаатар өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “Би Х.Булгантуяа даргын ахалж байгаа ажлын хэсэгт ажиллаж, өөрийн санал бодлоо илэрхийлээд явж байна. Энэ удаагийн парламентын стратеги төлөвлөгөө зайлшгүй шинээр батлагдах ёстой. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотой парламентад олон намын төлөөлөл багтаж, олон ургальч үзэл бүрдсэн билээ.

УИХ-ын шинэ дарга өөрийн үзэл санаа, ажиллах зарчим, стратегиас эхлүүлээд институцийн соёл хүртэл нь харсан байх гэж бодож байна. Хүн төвтэй байна гэдэг нь хууль нь хүний төлөө үйлчилдэг, хүнд нийцсэн стандартаа мөрдөнө гэсэн үг. Үүнтэй санал нэг байна. 

Парламентын засаглалаас ухрахгүй байх гэдэг зарчмыг стратегийн төлөвлөгөөнд тусгасан байх. 

Гишүүд өөрсдөө үлгэрлэгч байна. Ирц, оролцоо маш чухал ч үндсэн үүрэг болох байнгын хороо, чуулганы хуралдаанд өөрийн санаа бодлоо идэвхтэй илэрхийлэх хэрэгтэй.

Ингээд нээлттэйгээр бүгдээрээ хэлэлцсэн хууль дүрмээ дагаж явах зарчимд суралцах ёстой гэсэн саналуудыг тусгасан. Гишүүд маань бас дэмжээд өгөөрэй” гэсэн юм. 

ШИНЭ МЭДЭЭ