Ж.Энхбаяр: Вьетнам улс руу мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх логистикийн асуудлыг шийдвэрлэнэ
2024.11.21
Зам, Тээвэр

Ж.Энхбаяр: Вьетнам улс руу мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх логистикийн асуудлыг шийдвэрлэнэ

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Вьетнамын Хүнс, хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоантай уулзлаа. 

Уулзалтын үеэр Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр орны харилцааны давуу тал, нөөц бололцоонд тулгуурлан бүхий л салбарт хамтын ажиллалааг өргөжүүлэх талаар ярилцжээ. 

Хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт үр бүтээмжтэй ажиллаж, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн төлөө талууд үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаар болсон байна. 

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дэвшилтэт технологид суурилсан хамтарсан үйлдвэр байгуулах, нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх дээр санал нэгдлээ.

Манай улсаас Вьетнам Улсад мах махан бүтээгдэхүүн нийлүүлэхэд шаардлагатай тээвэр, логистикийн асууддыг шийдвэрлэж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг хамтын ажиллагааны тулгуур багана болгохоор зөвшилцөлд хүрлээ” хэмээн мэдээлэв. 

ШИНЭ МЭДЭЭ