МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хууль хоорондын зөрчил, хийдэл арилгах, шийдэл боловсруулах ажлын хэсэг хуралдав
2024.11.21
Хүний эрх

Хууль хоорондын зөрчил, хийдэл арилгах, шийдэл боловсруулах ажлын хэсэг хуралдав

УИХ дахь Хуулийн болон хууль хоорондын зөрчил, хийдэл, давхардлыг хиймэл оюун ухаан ашиглан арилгах шийдэл боловсруулж, нэвтрүүлэх ажлын хэсэг анхны хурлаа хийв. 

Хуралдаанаар хууль тогтоомж, захиргааны акт, эрх зүйн баримт бичгийн сан бүрдүүлж ажилладаг байгууллагуудын мэдээллийг сонсож, хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах чиглэлээр өмнө хийгдсэн ажлууд, цаашид авах арга хэмжээ, тэдгээрийн дараалал, төлөвлөлтийн талаар хэлэлцжээ.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Анар ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Б.Энхбаяр нар ажиллаж буй.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 924 хууль тогтоомж, Улсын Их Хурлын 3,397 тогтоол, 3,007 захиргааны хэм хэмжээний акт, 13,173 эрх зүйн баримт бичиг байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг “Ажлын хэсгийн эдгээр өргөн хүрээтэй ажлыг эмх цэгцтэйгээр авч үзэхийн тулд хуулийн болон хэл шинжлэл, мэдээллийн технологийн эрдэмтэн, судлаачдыг татан оролцуулах, дэд ажлын хэсгүүдийг байгуулж ажиллуулах нь зүйтэй” гэсэн санал дэвшүүлэв.

Дээрх мэдээллүүдийг нэгтгэн дүгнээд ажлын хэсгийн ахлагч Ч.Анар технологи ашиглан хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгахтай холбоотой Хэлний бодлогын зөвлөлийн санал, чиглэлийг боловсруулж ирүүлэх, уг асуудалд холбогдох байгууллагууд тус тусын санал дүгнэлтийг ирүүлэхийг даалгавар болгов.

Мөн хэлний зүйн болон хуулийн хэлний, кодификацын, эрх зүйн хэм хэмжээний дэд ажлын хэсгүүдийг байгуулах санал боловсруулахыг Г.Уянгахишиг гишүүнд даалгажээ. 

ШИНЭ МЭДЭЭ