Н.Батсүмбэрэл: Ураны төсөл урагшилна
УИХ-ын чуулганы өнөөдөр /2024.11.21/-ийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.
Уг хуулийн төсөлтэй хамт Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа.
Монгол Улсад 192.2 мянган тонн ураны нөөц бүртгэсэн нь дэлхийн ураны нөөцийн 3 хувийг бүрдүүлж, нөөцийн хэмжээгээр дэлхийд аравдугаарт эрэмбэлэгдэж байна.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг улсын хөгжлийн бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг болгон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл хэлэхдээ “Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэж эцэслэн баталлаа. Хуулийн өөрчлөлтөөр олон жил яригдсан, олноороо талцан маргадаг уран буюу цөмийн эрчим хүчний төсөл хөдлөх алхам нээгдэж байна.
Манай улс хайгуулаар илэрсэн дэлхийн ураны нөөцийн 2 хувийг бүрдүүлдэг. Хэд хэдэн аймгийн нутагт 10 гаруй орд тогтоогдсон байна. Үүнээс зөвхөн Дорноговь аймгийн Улаанбадрах сум дахь ураны ордыг Франц улстай хамтран ашиглахаар хэлэлцээр хийж байгаа юм” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчин бүрдэж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд ногдуулах, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх Үндсэн хуулийн зарчим хэрэгжих нөхцөл хангагдах юм байна.