Цөмийн энергийн тухай хууль батлагдлаа
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад, бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл танилцуулав.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хууль хэрэгжиж эхлээд ямар хугацаанд үр дүн гарах, “Орано” групп нь манай улсад үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ хамгийн сүүлийн үеийн техник технологи ашиглах талаар баталгаа гаргуулах, олборлох ураныг энх тайвны зорилгоор ашиглах талаар гэрээндээ тусгах, олборлосон тодорхой хувийг борлуулах эрхтэй байх, Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл дээрх хуулийн төсөл болон цаашид хийх гэрээ, хэлэлцээрийн талаар иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, шинжлэх ухааны ойлголтуудыг тодорхой ойлгомжтой хүргэхэд анхаарах талаар асуулт асууж, хариулт авчээ.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед зарчмын зөрүүтэй 1 саналын томьёоллыг гүйцээн боловсруулах, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсөн. Байнгын хороо 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй саналыг гүйцээн боловсруулж, санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурал дахь намын бүлэг болон бүлэгт харьяалагддаггүй Улсын Их Хурлын гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт асуулаа.
Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, Дорноговь аймгийн Зүүнбаян, Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт үндсэн орд байрлаж байна. Эдгээр сумын иргэдэд нөхөн олговорыг хэрхэн олгох талаар асуухад “Мон-Атом” ХХК-ийн захирал Д.Далайжаргал "2006 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт 9 тэрбум төгрөг зарцуулсан. Улаанбадрах суманд 700 сая, Зүүнбаян суманд 300 сая төгрөгийн нөхөн олговор жил бүр өгч байна" хэмээн хариулав. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ө.Шижир нар хог хаягдлыг хэрхэн шийдэх, уран олборлоход их хэмжээгээр шаардагдах хүхрийн хүчлийг хаанаас импортлох талаар асуусан.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, манай орон зэсийн нөөцөөрөө дэлхийд эхний 10 байранд явдаг. Тиймээс эхний ээлжинд “Эрдэнэт” үйлдвэрээ түшиглэн зэс хайлуулах үйлдвэр барихаар төлөвлөж байна. Зэс хайлуулах үйлдвэрлэлээс хүхрийн исэл гарна. Тэрхүү хүхрийг олборлох үйл ажиллагаандаа ашиглана гэв.
Харин Цөмийн энергийн комиссын ажлын албаны нарийн бичгийн дарга Г.Манлайжав, төслийн үйл ажиллагааны үр дүнд 250 тонн цацраг идэвхт хаягдал үүснэ. Олон улсын болон Монгол Улсын зохих хууль, журмын дагуу хог, хаягдлын менежмент хийх үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын гэрээндээ тусгана. Төслийн явцад 3 төрлийн хог хаягдал гарна. Шатах, тослох материал буюу аюултай хог хаягдлыг устгах үйлдвэр барина, цацраг идэвхт буюу шар нунтгийн сав, бээлий зэрэг хог хаягдлыг булшилна. Ердийн хог хаягдлыг шатаах гэсэн 3 аргаар хог хаягдлыг шийдэхээр тохиролцсон гэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, цацраг идэвхт ашигт малтмал олборлохтой холбогдуулан болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг хийхээр тусгасан байна. Байгаль орчны үнэлгээг хийсэн атлаа хүний эрүүл мэндэд нөлөөлөх талаарх үнэлгээ тун тааруу байна хэмээгээд хүний эрүүл мэндэд нөлөөлөх үнэлгээг сайжруулах талаар санал хэлэв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Сандаг-Очир, хуулийн төслийг богино хугацаанд хэлэлцэн баталж байгааг тэмдэглээд төсөл хөтөлбөрийн ач холбогдлыг нийтээрээ ойлгож, цаг нь ирэхээр аливаа төсөл эхэлдэг гэдгийг харуулж байна гэв. Цаашид гэрээг үр ашигтай байгуулахад анхаарч ажиллах талаар саналаа хэллээ.
Түүний дараа Байнгын хорооны бэлтгэсэн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулан шийдвэрлээд, хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэх хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хуулийн төслийг өнөөдрийн хуралдаанаар эцэслэн батлах санал гаргав. Нэгдсэн хуралдаанаар бусад асуудлыг хэлэлцэж байх хооронд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэлийг хангасны дараа өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийг эцэслэн батлахаар тогтов.