МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.ИДЭРБАТ НАРЫН ГИШҮҮД ЗҮҮН БҮСИЙН 170 ШАХАМ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024.11.22
Улстөр

Ц.ИДЭРБАТ НАРЫН ГИШҮҮД ЗҮҮН БҮСИЙН 170 ШАХАМ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монголын Эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ойн баярын хуралд оролцож буй Зүүн бүсийн 170 шахам эмэгтэйчүүд, бүсгүйчүүдээ өнөөдөр бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн ажлын нэгдсэн албанаас хүндэтгэн хүлээн авч хамтдаа өдрийн зоог барьж, халуун дулаан яриа өрнүүллээ.

Мөн үеэр бүсчилсэн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн хөгжил, гэр бүл, нийгмийн хамгааллын талаар УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, М.Бадамсүрэн, Л.Соронзонболд нарын хамт мэдээлэл хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн бол Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн МЭХ-ны дарга нар сайн туршлагаасаа хуваалцлаа.

Монголын эмэгтэйчүүдийн байгууллага “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” нэртэйгээр анх 1924 онд байгуулагдаж, анхны даргаар их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Дамдины Пагмадулам сонгогдож байжээ. Энэ байгууллага Ази тивийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага байв. Д.Пагмадулам гадаадын таван хэл мэддэг, боловсролтой, сэхээтэн бүсгүй байсан төдийгүй БНМАУ-ын анхдугаар Үндсэн хууль батлахад оролцсон цорын ганц бүсгүй гэж түүхэнд тэмдэглэгджээ.

Монгол улс эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо, парламентад сонгогдох боломжийг нэмэгдүүлэх үүднээс эрх зүйн орчныг сайжруулснаар 2024 оны сонгуулиар 32 эмэгтэй сонгогдсон төдийгүй цаашдаа эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг нэмэгдүүлэх юм. Монгол улс 2024 онд “Ногоон ирээдүй” уриатайгаар Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулсан бол энэ өдрүүдэд МЭХ-ны 100 жилийн ой тохиож байна.

ШИНЭ МЭДЭЭ