МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.11.20
Улстөр

П.Сайнзориг: Хэн нэгэнд гэмт хэргийг тулгаж, эрхийг нь зөрчиж болохгүй. Түүний ард жинхэнэ гэмт хэрэгтэн ялгүй өнгөрөх боломжтой

Өнөөдөр Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр зохион байгуулж байна.

Дээрх асуудлаар сонсголыг даргалагч, УИХ-ын гишүүн П.Сайнзоригтой цөөн хором ярилцаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ удаагийн парламентын анхны сонсгол зохион байгуулагдаж байна. Сонсгол хэрхэн явагдах бол. Иргэдийн дунд зарим мэдээлэл дутмаг байна?

-УИХ-ын нэр бүхий гишүүдээс сонсгол хийх хүсэлтийг УИХ-ын даргад гаргасны дагуу Хууль зүйн байнгын хороо хуралдаж, 11-р сарын 20 буюу өнөөдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Сонсголоор эрүү шүүлт тулгахаас ангид байх ажлын хэрэгжилт Монгол Улсад ямар байна вэ. Мөн ойрын хугацаанд гарсан зарим хэргүүд байна.

Жишээлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байранд ирсний дараа амиа алдсан байж болзошгүй хэрэг бий. Тэгэхээр энэ мэт зөрчлүүдийг хэрхэн арилгах вэ гэдгийг тал талын мэдээлэлд тулгуурлаж сонсоно. Тодруулбал, ХЭҮК-ын дүгнэлт, шүүх байгууллагын мэдээлэл, Засгийн газар /Боловсролын яам, ЭМЯ, БХЯ/-ын байр суурийг сонсох юм.

Мөн өөрсдийгөө эрүү шүүлтийн хохирогч болсон гэж үзэж буй 50 гаруй иргэн, хуулийн этгээд сонсголд оролцохоор бүртгүүлсэн байна.


-Мэдээж сонсголын үр дүн чухал. Сонсгол даргалагчийн хувьд ямар үр дүн гарна гэж хүлээж байна?

-Хүний эрх бол маш сайн анхаарах ёстой асуудал. Өнөөдөр бидний энэрэнгүй, хуульт ёсыг хэрэгжүүлэх гэж байгаа нийгэмд магадгүй хууль сахиулах байгууллага, эмнэлэг, сургууль, цэргийн ангид дүрмийн бус харьцаа байж болохгүй. Тиймээс үүний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсоно.

Улмаар цаашид хууль, эрхзүйн орчныг хэрхэн боловсронгуй болгох, төсөв мөнгө нь ямар байх уу гэдэг асуудал илүү тодорхой болох болов уу гэж харж байгаа.

-Өмнөх сонсголуудаас юугаараа ялгарах вэ. Гол түлхүү нотлох баримтуудыг цуглуулж ажилладаг байсан шүү дээ?

-Мэдээж онцлогтой, ялгаатай байна. Хүний эрхийн хэрэгжилтийн асуудалд ХЭҮК чухал дүгнэлтүүдийг гаргаж оролцох ёстой юм билээ. Энэ дүгнэлтийг нэн тэргүүнд сонсож, улмаар дээр дурдсан яамдын байр суурийг зэргийг сонсоно.

Би нэг зүйлийг хэлмээр байна. Хүний эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх ажил бол бүх нийтийн ажил. Зөвхөн хуулийн байгууллагын хийх ажил гээд хаяж болохгүй. Цаашид иргэдийнхээ эрхийг хамгаалах үүднээс хэрхэн хууль эрхзүйн мэдээллийг олгох вэ, зөрчигдсөн эрхийг нь яаж сэргээх зэрэг асуудалд анхаарах шаардлагатай.

Зарим хүмүүс маш онц ноцтой гэмт хэрэгт гүтгэгдлээ шүү дээ. С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс хорих ял авсан ч хууль бусаар нотлох баримт цуглуулж, хийгээгүй хэрэгт нь хариуцлага хүлээлгэсэн байна гэх шийдвэр ч гарсан байдаг.

Тиймээс хэн нэгэнд гэмт хэргийг тулгаж, үүрүүлж, эрхийг нь зөрчиж болохгүй. Магадгүй түүний ард жинхэнэ гэмт хэрэгтэн ялгүй өнгөрч байх боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ