МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б. Мөнхсоёл: Төсвийн орлого тооцсон хэмжээнд хүрэхгүй бол алдагдал улам өснө
2024.11.22
Эдийн засаг, Худалдаа

УИХ-ын гишүүн Б. Мөнхсоёл: Төсвийн орлого тооцсон хэмжээнд хүрэхгүй бол алдагдал улам өснө

УИХ 2025 оны төсвийн төслийг 11 сарын 8-нд эцэслэн батлахдаа төсвийн тодотгол хийх болзол нөхцөлтэйгөөр баталсан. Улмаар уг төсвийг 11 хоногийн дараа буюу 2024.11.19-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын Газарт хүргүүлсэн. Төсвийн төслийн гурав дах  хэлэлцүүлгийн өмнө нэр бүхий гишүүд төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах саналыг дэвшүүлж, гишүүдээр гарын үсэг зуруулсан ч парламентын олонхи ирэх оны алдагдалтай төсвийг баталсан билээ.

Тэгвэл 11 сарын 20-ны лхагва гарагт ЕТГ мэдээлэл хийж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсныг мэдэгдсэнээр УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороод Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэх болж байна.  

Энэ асуудалтай холбогдуулан төсвийн урсгал зардлыг бууруулах саналыг дэмжин гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн Б. Мөнхсоёлын байр суурийг сонирхлоо.

Тэрбээр хэлэхдээ,  “Уг нь Төсвийн тухай хуульд ямар шалтгаанаар тодотгол орж ирэх вэ гэдэг заалт бий ч 11 дүгээр сарын 15-ны дотор ирэх оны төсвийн тухай  хууль батлагдах ёстой гэсэн хуулийн заалтанд буюу хугацаанд давчдаад тийнхүү тодотгол оруулж ирэх нөхцөлтэйгөөр батлагдсан. Харин Ерөнхийлөгч 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээж авах болов уу гэж харж байна. Аль болох алдагдалгүй төсөв батлах нь  төсвийн сахилга батыг хангахын зэрэгцээ ирээдүйд учирч болох эрсдлээс хамгаалах юм. Төсвийн орлого, зардлын (урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардал) балансыг аль болох бодит, зөв, оновчтой тооцох ёстой. Жишээлбэл, төсвийн орлого тооцсон хэмжээнд орж ирэхээгүй бол (нүүрсний уна буурах, зуд болох, геополитикийн ахсуудлууд хүндрэх гэх мэт) батлагдсан төсвийн алдагдал нэмэгдэх эрсдэл үргэлж байдаг. Тиймээс төсвийн үргүй, давхардсан зайлшгүй бус зардлуудыг бууруулах нь мэдээж зүйд нийцнэ. (Бууруулж болох хэд хэдэн зардлыг тодорхой хэллээ.)

2025 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн, батлах үйл явцад маш олон хүчин зүйлс, тэдний харилцан хамаарал нөлөөлсөн гэж харж байна. Энэ нөхцөлд цаганд хавчигдан шийдвэрүүд хангалтгүй гаргасныг үгүйсгэх аргагүй. Тухайлбал, Ээлжит бус чуулганаар гол хуулийн төслүүдийн хэлэлцэн батлах дараалал алдагдсан. 

Төсвийн дунд хугацааны хүрээний мэдэгдлээ баталж байж ирэх оныхоо төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх байтал эрэмбэ нь солигдсон. УИХ-ын сонгууль дуусав, гишүүд ажилдаа оров уу үгүй юу орон нутгийн сонгууль болсон. Олон гишүүд хөдөө орон нутаг, аймаг, дүүргүүдээр томилолттой байсан. Улс төрийн намууд орон нутгийн сонгуулийн үр дүнд анхаарч, завгүй ажилласан зэрэг үйл явдлууд нэг дор давхацчихаар анхаарал, төвлөрөл сарнисан байх талтай. Нөгөө талдаа төсвийн хэлэлцүүлгийн нэг, хоёрдугаар шат илүү чухал гэдгийг зарим гишүүд маань анзааралгүй өнгөрөөсөн гэх мэт алдаа дутагдлууд бий. Миний хувьд бусад олон гишүүдийн хэлж байгаачлан төсвийн зардлыг бууруулж, аль болох алдбагдалгүй төсөв батлах ёстой гэдэг дээр анхнаас нь ижил байр суурьтай байсан. 

Суурь зарчмын шинжтэй санал хэлээд, учирлаад байгаа нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гаргасан дүгнэлт, зөвлөмж бүхий хоёр тайлан, Үндэсний аудитын газраас гаргасан 60 орчим хуудас тайланг тусгайчлан авч хэлэлцдэг байх. Учир нь эдгээрт төсөв бууруулах, алдагдалгүй төсөв батлах боломж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, тоо баримт бий юм. Тэгэхээр Төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлыг цаг гаргаж, зүйл анги болгоноор нь авч хэлэлцээд саналаа гаргаад явбал илүү үр дүнтэй байхаар байна. Миний бие үүнийг тусгайлан хуульчлах тал дээр нэр бүхий гишүүдийн хамт ажиллах зорилготой байгаа." гэлээ. 

ШИНЭ МЭДЭЭ