Уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах төслүүдэд хөрөнгө оруулна
2024.11.20
Эдийн засаг, Худалдаа

Уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах төслүүдэд хөрөнгө оруулна

Азийн Хөгжлийн Банк болон Засгийн газар өнөөдөр уур амьсгалын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн, чанартай эрүүл мэндийн үйлчилгээг улсын хэмжээнд сайжруулах зорилготой хоёр төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Гэрээнд Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан болон АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин нар гарын үсэг зурав.

“Эдгээр хоёр төсөл нь Монгол Улсын хөгжлийг илүү тогтвортой, уян хатан, хүртээмжтэй болгох чиглэлд хийж буй чухал алхам юм” гэж суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлээд, “Уур амьсгалын үйл ажиллагааг улсын төсөв, төлөвлөгөөнд тусгаснаар төрөөс болон хувийн хэвшлээс уур амьсгалын санхүүжилтийг босгох боломжтой болж, нүүрстөрөгчийн ялгарал багатай, хүртээмжтэй, дархлаатай эдийн засгийг хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ” хэмээн тодруулав.

100 сая ам.долларын бодлогын зээл болох Уур амьсгалын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх хөтөлбөр (Дэд хөтөлбөр 1) нь “Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр” болон “Үндэсний дасан зохицох төлөвлөгөө”-ний хүрээнд уур амьсгалын зорилтуудаа биелүүлэх Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх бөгөөд жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагааг дэмжих юм.

Мөн уур амьсгалын үйл ажиллагааны институцийн хүрээ, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, төсвийн тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Үүнд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих, барилгын салбарт эрчим хүчний үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлэх, уур амьсгалд тэсвэртэй хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэгт чиглэсэн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх бодлогын арга хэмжээнүүд багтана.

Энэхүү хөтөлбөр нь ногоон бонд гаргах замаар уур амьсгалын санхүүжилтийн механизмыг сайжруулж, банкны салбарын ногоон зээлийн багцыг нэмэгдүүлэх болно. Мөн салбарын хөрөнгө оруулалтын замын зургийг нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай, уур амьсгалд тэсвэртэй хөгжлийг дэмжих чиглэлээр сайжруулах зорилготой. Ингэхдээ эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт төвлөрөх юм.

skip-share
Төслийн хүрээнд сонгогдсон эмнэлгүүдэд яаралтай тусламжийн тоног төхөөрөмж нийлүүлнэ.

Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн 2-р үе шат болох 82.2 сая ам.долларын төсөл нь хот, хөдөөгийн анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, стратегийн худалдан авалтын загварыг шинэчлэх, худалдан авалт, санхүүгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэхэд чиглэнэ.

Төслийн хүрээнд Чингэлтэй дүүрэгт шинэ эмнэлэг барьж, Ховд аймгийн одоо байгаа эмнэлгийг шинэчилж, өргөтгөх бөгөөд ингэхдээ нүүрсхүчлийн хийн ялгарал багатай шийдлүүдийг ашиглана. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд зургаан шинэ өрхийн эмнэлэг жендерийн асуудлыг анхаарсан шийдлээр барих бөгөөд нэг сумын эрүүл мэндийн төвийг байгуулах юм.

Төслийн хүрээнд сонгогдсон эмнэлгүүдэд яаралтай тусламжийн тоног төхөөрөмж нийлүүлж, анхан шатны эрүүл мэндийн санхүүжилт, боловсон хүчин, худалдан авалтын системийг шинэчилж, нэгдсэн эрүүл мэндийн үйлчилгээний загварыг хэрэгжүүлэх болно.

Цаашлаад энэ төслийн хүрээнд эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлж, эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авалт, санхүүгийн удирдлагын чадавхыг сайжруулах юм.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 69 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Эх сурвалж: АХБ

ШИНЭ МЭДЭЭ