2024.11.22
Эдийн засаг, Худалдаа
Б.Энхбаяр: Хоригийг хүлээн авсан тохиолдолд ямар дэг, горимоор хэлэлцэх вэ
УИХ-ын чуулганы /2024.11.22/-ны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Ерөнхийлөгчийн тавьсан хоригт улс төрийн болон хууль зүйн дүгнэлт өгөх учиртай. Монгол Улсын Их хурал, засгийн газар 2025 оны төсвийн хууль батлахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт хэлсэнчлэн хоёронтой Үндсэн хуулийг зөрчсөн талаар хөндсөн байна. Үүнд улс төрийн болон хууль зүйн дүгнэлт өгөх учиртай. Цаашдаа УИХ, Засгийн газар хууль эрх зүйгээ хэлбэрэлтгүй дагаж мөрдөх ёстой. Бидний хамгийн дээд дарга бол Үндсэн хууль. Анхнаас нь төсвийг алдагдалгүй оруулж ирэх, УИХ дээр төсвийг олон нийтийн оролцоотой, гишүүдийн саналыг тусгадаг, нээлттэй олон талаас нь хэлэлцдэг байх.
Эцэслэн батлахдаа хуульт ёсоо чанд барих гэх мэт олон асуудалд дүгнэлт өгөх ёстой. Энэ төсөв хуулийн дагуу баталж чадсан уу. Хугацаанаасаа 7 хоногийн өмнө, баталсан. Үндсэн хуулиа зөрчихгүй байх боломжтой байсан. Хоригийг хүлээн авсан тохиолдолд парламентын ямар дэг, горимоор явахаа тодорхой болгох хэрэгтэй.Үүнийг тодорхой болгосны дараа хэлэлцүүлгүүдээ явуулах ёстой. Ингэхгүй бол ахиад эрх зүйн зөрчил үүснэ.
Түүний асуултад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариуллаа.