Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа
2024.11.22
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг /2024.11.22/ Улсын ИХ Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ.

Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл: Монгол Улс Иж бүрэн цөмийн аюулгүй байдлын баталгааны гэрээнд (Comprehensive Safeguards Agreement) 1972 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэгдэн орсон. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний баталгааг хэрэглэх тухай Нэмэлт протоколд Монгол Улс нэгдэн орж, 2001 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан бөгөөд Монгол Улсын Их Хурал 2003 онд соёрхон баталсан. Улмаар Олон улсын атомын энергийн агентлагт 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдэж, энэ өдрөөс протоколыг хүчин төгөлдөр мөрдөж байна.

Олон улсын атомын энергийн агентлаг (“ОУАЭА”) нь Цөмийн аюулгүй байдлын “Иж бүрэн аюулгүй байдлын баталгааны гэрээ” ба Нэмэлт протоколыг хэрэгжүүлж буй улс орнуудын бүх цөмийн материал энхийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа эсэх өргөн хэмжээний албан ёсны дүгнэлтийг гаргадаг.

ОУАЭА-ийн Удирдах зөвлөлөөс цөмийн байгууламжгүй, бага хэмжээний цөмийн материалтай улс орнуудад “Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол”-д хамрагдах нь зүйтэй гэж үзэн гишүүн орнуудыг тус Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд нэгдэн орохыг уриалсан. Үүний дагуу ОУАЭА-аас манай улсыг Бага хэмжээний цөмийн материалын протоколд нэгдэн орох саналыг 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн ч манай улс нэгдэн орох асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.

2005 онд ОУАЭА-ийн Удирдах зөвлөлийн шийдвэр гарснаас хойш багагүй хугацаа өнгөрснийг харгалзан ОУАЭА нь Бага хэмжээний цөмийн материалын протоколын анхны хувилбартай байгаа улс орнуудад баталгааны дүгнэлтийг цаашид үргэлжлүүлэн гаргах боломжгүй болохыг мэдэгдсэн тул Монгол Улс ойрын хугацаанд зохих арга хэмжээ авахгүй тохиолдолд 2024 оноос эхлэн ОУАЭА-аас баталгааны дүгнэлт гаргуулах боломжгүй болох эрсдэл үүсчээ.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр баталсан “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” 60 дугаар тогтоолд Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд нэгдэн орохыг Засгийн газарт даалгасан ба тус тогтоолыг хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах талаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн.

Улмаар Засгийн газраас тус конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд зөвшилцөхөөр хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар конвенцод нэгдэн орох асуудлыг хэлэлцээд дэмжсэн санал, дүгнэлт гарсан.

2024 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа Монгол Улсын Засгийн газар шинэчлэн байгуулагдсантай холбоотойгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 79.1-д заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсний дагуу Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай өргөн мэдүүлжээ.

ШИНЭ МЭДЭЭ